ГОЁ АГШИН: “Монгол хүүхдүүд“ баярын арга хэмжээ
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд “Монгол хүүхдүүд” баярын арга хэмжээг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Монгол Улс 67 дахь жилдээ хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан баярын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Жил бүр үлсынхаа нийслэл Улаанбаатар хотын төвд Их жанжнаараа овоглосон талбайд нийслэлчүүд хуран чуулж, Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудтайгаа хамт баярлан хөөрөхийн зэрэгцээ нийслэлийн төр, захиргааны байгууллагын зүгээс хүүхдийн төлөө хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулдаг уламжлалтай билээ. Хотын хөгжлийн бодлогод хүүхдийн төлөө гэсэн, хүүхэд бүр рүү хандсан бодлого чухал байр суурь эзлэх ёстой.
Хүүхдийн сайн сайхны төлөө оруулж байгаа хөрөнгө оруулалт бүхэн улс орны ирээдүйн хөгжлийн шийдэл болно гэдэгт би эргэлзэхгүй итгэдэг. Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу энэ онд улс, нийслэлийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламжаар 30 сургууль, 73 цэцэрлэгийн барилга шинээр баригдаж ирэх намар хүүхдүүдээ хүлээн авахаар төлөвлөж байна.
Мөн авто замын осол эндэгдэл хамгийн их гардаг 13 сургуулийн гадна гэрэлтүүлэг хийж, хурд сааруулагч, тэмдэг тэмдэглээ байршуулсаны зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн хүүхэдтэй хамт суралцах нөхцлийг бүрдүүлэх тохижилтын ажлыг ерөнхий боловсролын дөрвөн сургууль дээр хийж байна. Хүүхдүүд та бүхний гэрэлт ирээдүйн замд хамгийн сйн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээлээ.
Энэ өдөр Д.Сүхбаатарын талбайд хүүхдийн өөрийн оролцоонд суурилсан уралдаан наадам, хөгжөөнт тоглоом, хүүхдийн эрхийн талаарх мэдээлэл, сурталчилгаа явуулах төрийн болон төрийн бус байгууллагууд, үйл ажиллагаа явуулж байна. Мөн үндэсний үйлдвэрлэгчид худалдаа, үйлчилгээ үзүүлж байгаа аж.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|