Төрийн үйлчилгээ операторын горимд шилжинэ
Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн eservice.ulaanbaatar.mn порталыг танилцууллаа.
Тус порталаар нийслэлийн 5 байгууллагын 47 үйлчилгээг цахим хэлбэрээр хүлээн авч, үзүүлж байгаагаас гадна өргөдөл гомдол хүлээн авах, үйлчилгээний төлбөрийг цахимаар төлөх, үйлчилгээний шийдвэрлэлтийн явцад хяналт тавих боломжтой юм.
Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем, Үндэсний танилт нэвтрэлтийн ДАН систем, Үндэсний цахим төлбөрийн систем, Татварын удирдлагын нэгдсэн систем зэрэг төрийн байгууллагуудын системүүдтэй холбогдон ажилладаг нийслэлийн суурь платформоор 10,584 иргэн үйлчилгээ авсан байна.
Засгийн газрын “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 2019 оны 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоог сайжруулах Төрийн үйлчилгээг операторын тогтолцоонд шилжүүлэхэд шаардлагатай хэд хэдэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах аж.
Ингэснээр Төр өөрт байгаа мэдээллээ иргэдээсээ нэхэх байдал бүрэн арилах ач холбогдолтой юм гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.