Аюулгүй орчин бүрдүүлсэн ажил олгогчийг урамшуулна

2019 оны 5 сарын 21

Arslan.mn

Олон улсын “Хөдөлмөрийн байгууллагын 100 жил”, Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага бие даан байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан салбарын яамнаас бодлого боловсруулж, гарц шийдэл хайсан томоохон арга хэмжээнүүдийг шил дараалан зохион байгуулсаар байна. Энэ хүрээнд өчигдөр Төрийн ордонд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган” боллоо. Чуулганд Шадар сайд, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын төлөөлөл, МҮЭХ болон салбарын яам, 21 аймаг, есөн дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, ажилтан, ажил олгогч нийлсэн 600 гаруй төлөөлөгч оролцов. Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлж, чанаржуулахад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал чухлаар тавигдаж байгаа энэ үед “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган”-ыг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон арга хэмжээ гэдгийг оролцогчид хэлж байв.

 Ажиллах хүчний урсгалыг зогсоохын тулд ажлын байр, цалингийн  зохистой хамаарлыг бий болгох ёстой

Чуулганыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг албан ёсоор нээсэн бол Төрийн тэргүүн ихээхэн ач холбогдол өгч буйгаа илэрхийлээд “Хөдөлмөрийн насны хүний тоо нэмэгдэж, “хүн амын цонх” үе 2030-аад он хүртэл үргэлжлэх төлөв байна. Манай улсын хөдөлмөрийн нөөц оргилдоо хүрч, түүнийг дагаад бүтээмж бий болгох боломж бүрдэнэ. Гэтэл ийм нөхцөл байдалд бэлдэх, ажлын байрыг өсгөх, хөдөлмөрийн зах зээлийн балансыг тэнцвэржүүлэх, дундаж цалин, хөдөлмөрийн үнэлэмжийг зүй зохистой хэмжээнд байлгах тал дээр ирээдүйг харсан бодлого тулгамдаж байна. Бүс нутгийн хүрээнд бусад улстай харьцуулахад манай улсын хөдөлмөрийн дундаж хөлс бага хэвээр байна. Гадаадад ажиллахаар явж буй урсгалыг зогсоохын тулд ажлын байр болон хөдөлмөрийн хөлсний зохистой хамаарлыг бий болгох ёстой бөгөөд Монголын төр, Монголын Засгийн газар монгол хүнээ ажилтай байлгахад, авч байгаа цалин нь хүрэлцээтэй байхад түлхүү анхаарах ёстой”  хэмээв.

Монгол Улсын хэмжээнд 1986-1990 онуудад жилд ойролцоогоор 2000 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж байсан. Үйлдвэрлэлийн ослын тоо 1991 онд 918, 1992 онд 308 болж огцом буурсан бөгөөд 1992 оноос хойш  жилд дунджаар 400-аад осол, гэмтэл бүртгэгджээ. Сүүлийн 10 жилд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод 3802 хүн өртөж, 539 хүн нас барсан харамсалтай тоон мэдээ байна. Харин ослын 60 орчим хувь нь хүнд болон нас баралтад хүргэсэн осол байгаагаас харвал үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх,  мэдээлэх тогтолцоонд дүгнэлт хийх, улмаар үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулах, мэдээлэхгүй, бүртгэгдэхгүй байгаа нөхцөл, байдлыг тодруулан судалгаа шинжилгээ хийх зайлшгүй шаардлага байгаа аж. Мөн аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2014 онд 113.0 мянга байсан бол 2018 онд 33.2 хувиар нэмэгджээ. Үүний 86 хувь нь 1-9 ажилчинтай байгаа нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 3-5 хувь нь эдгээр байгууллагад бүртгэгдсэн байна. Иймд аж нэгж байгууллагын дийлэнх хувийг эзэлж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, тэдэн рүү чиглэсэн тусгайлсан арга хэмжээ авч ажиллах шаардлага байгааг харуулж байгаа. 2009-2018 онд 439 аж ахуйн нэгж байгууллагын 7650 ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээ хийхэд 51.3 хувь нь эрүүл ахуйн стандартын шаардлага хангаагүй гэсэн дүн мэдээ байна.

Эдгээр асуудалд төрийн бодлого чиглэл ямар байх талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчлэлтэй холбогдуулан бид энэхүү жагсаалтад шинээр ажлын байрыг нэмэх биш ажлын байрны орчин нөхцөлөө сайжруулсан ажил олгогчийг урамшуулах, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлж, уг жагсаалтаас хөдөлмөрийн хүнд нөхцөлийн хэсгийг аажмаар хумих чиглэл барьж ажиллах болно. Аймаг, нийслэл, дүүрэг, зарим сумын эмнэлгүүд нь мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өвчтөнд анхан шатны үзлэг хийх, оношлох, мэдээллийн сан бүрдүүлэх, орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан иргэдэд зориулсан нөхөн сэргээх кабинет ажиллуулах ажлыг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулах зүй ёсны шаардлага тавигдаж байна. Мөн үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, сургалтад хамруулах, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны соёлыг ажил олгогч болон ажилтнуудад төлөвшүүлэх, осолдогчийг бүртгэх, хяналт тавих, хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн сэргээх, хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, эрсдэлийг хянах, мэдээллийн сан зэрэг асуудлууд нэгдсэн зохицуулалтгүй байна Иймээс Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсээд байна” гэдгийг илтгэлдээ дурдлаа.

Мэргэжлээс шалтгаалсан өвчний хяналтад байгаа иргэдийн 71 хувь нь уул уурхайн салбарынх

Мэргэжлээс шалтгаалсан өвчний хяналтад өнгөрсөн  оны байдлаар 3143 хүн байгаагийн 71 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт ажиллаж байна. Эдгээр иргэдийн дийлэнх нь 11 жилээс дээш ажилласан талаас илүү хувь нь 50-59 насны иргэд байна. Хөдөлмөрийн чадвараа алдсан гэж хувь тогтоолгосон иргэдийн 26 хувь нь бүрэн алдсан байна. Хэдийгээр уул уурхай, дэд бүтцийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, үүнийг даган шинэ техник, технологи нэвтэрч байгаа ч хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх олон улсын стандартад нийцэхүйц өндөр түвшний лаборатори байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартуудыг шинэчлэн олон улсын жишигт хүргэх ажлыг улам эрчимжүүлэх шаардлага байгааг энэ үеэр хөндлөө.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг “”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хөтөлбөр, 140 орчим стандарт, 10 гаруй дүрэм журам үйлчилж байгаа. Гагцхүү аж ахуйн нэгж, байгууллага, компаниуд ХАБЭА-н хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлдэггүй, ХАБЭА-н ажилтан, алба, хэлтсийг зохих орон тоогоор ажиллуулдаггүй, ХАБЭА-н арга хэмжээнд шаардлагатай хөрөнгө зардал гаргадаггүй нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарахад тодорхой нөлөө үзүүлж байна. Манай улсад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн бэлтгэх, сургагч багш бэлтгэх тогтолцоо хангалтгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах үндэсний хэмжээний тогтолцоо бий болгох, сургалт зохион байгуулах хүний нөөц бүрдүүлэх, чадавхжуулах хэрэгцээ чухлаар тавигдаж байна. Иймд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэшсэн ажилтны сургалтын ахисан түвшний модуль хөтөлбөр, сургагч багшийн модуль хөтөлбөрийг энэ онд боловсруулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаагүйгээр боловсруулж хэрэг­жүүлэх боломжгүй юм. Энэ хүрээнд ажлын байрны нөхцөлийн түүвэр судалгаа, үйлдвэрлэлийн осол, гэмтэл, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн улмаас учрах нийгэм, эдийн засгийн нөлөөллийн судалгааг хийх ажлыг эхлүүлээд байгаа” гэсэн юм.

C.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603743
0 эможи

keyboard_arrow_up