Э.Болорчулуун: Нийтийн эрх ашгийг хөндсөн бол төрийн төмөр нүүрийг үзүүлэх болно
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Болорчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ажлаа аваад зарим агентлагт бүтцийн өөрчлөлт хийж, танай албаны нэрийг өөрчилсөн. Нэр дагаад ажлын чиг үүрэгт өөрчлөлт орсон уу?
-Монгол Улсын Засгийн газрын 100 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/231 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болж өөрчлөгдсөн. Гэхдээ Төрийн албаны тухай хуулийн дагуу нэр өөрчлөгдсөн ч бүтэц, чиг үүрэгт өөрчлөлт ороогүй.
Ер нь нийслэлд нэгэнт шинээр олгох газрын нөөц байхгүй учраас манай алба хот төлөвлөлт, зохион байгуулалт тал руу илүү үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Бидний хувьд бодож, төлөвлөж байсан ажлуудаа эхнээс нь хэрэгжүүлээд явж байна. Бусад хөгжингүй орны жишээг харахад газар зохион байгуулалтын төлөвлөлтийг мөрдлөгөө болгож, газрын нэгдмэл сангийн тайланг бодитой болгож чадвал иргэдийн амьдрахад таатай нөхцөл бүрдэж эхэлдэг. Амьдрах орчин нөхцөл нь тав тухтай байж иргэдийн тайван бухимдалгүй амьдрах нөхцөл бүрдэнэ.
Өнөөдөр бид хашаа, хайс арга хэмжээг санаачлаад хэрэгжүүлээд эхэллээ. Цаашлаад энэ олон замбараагүй гараашуудыг цэгцлэх ажлыг хийхээр төлөвлөөд эхний шатны судалгааны ажлуудыг хийсэн. Өнгө үзэмжгүй, замбараагүй олон гараашийг цэгцэлнэ.
Ингэхдээ хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулаад тухайн гараашууд байгаа газарт авто зам явах бол зам явуулах, зарим газарт нь тохижилт хийх, боломжтой хэсгүүдэд давхар зогсоол байгуулах, тохижуулах, авто машины зогсоолыг шийдвэрлэх гэх мэтээр эмх цэгцтэй болгоно.
Бусад улс оронд блок хоорондын өтгөрүүлэлт өндөр байж замын түгжрэл хүртэл саармагждаг. Гэтэл манайд төв замууд л ачаалал ихтэй, түгжрээд байдаг болохоос хороолол доторх замуудад дүүрэн гарааш, хашаа хатгаснаас болоод нэвтрэх боломжгүй байдаг. Тиймээс эдгээрийг цэгцэлж байж, наад захын түгжрэлүүд буурах учиртай.
Мөн манай дээр LM гээд шинэ программ нэвтэрсэнтэй уялдуулаад манай алба дотооддоо LURS гэх программыг мөн нэвтрүүлсэн. Уг програмд манай албанд бүртгэлтэй гэрээ, гэрчилгээ авсан бүх иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүртгэгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл, сансрын зураг дээр одоо байгаа мэдээллээ давхцуулж үзээд илүү талбай хашсан болон бусад бүх зөрчил гарч ирнэ. Ингээд зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлээд зөрчлийг арилгах цэгцлэх ажлууд хийнэ гэсэн үг. Үүний хажуугаар иргэдээс ирүүлсэн хүсэлтийг ч мөн хүлээн авч зөрчил арилгах ажлуудыг давхар хийж байна.
-Танай албанаас замбараагүй баригдсан хашаа хайс, явган хүний зам талбайг чөлөөлөх арга хэмжээг сайн зохион байгуулж байх шиг байна. Хүмүүс “Туушиндах” гэж хүртэл нэрлээд байгаа. Энэ ажил цаашид яаж үргэлжлэх вэ?
-Манай алба нийтийн эзэмшлийн зам талбай ямар байх ёстой вэ, хаана, ямар байршилд явган хүний зам нэн тэргүүнд хэрэгтэй байна вэ гэдэг судалгааг гаргасан. Түүнийхээ дагуу ажиллаж байгаа. Ер нь нийслэл хот маань эзэнгүй мэт, ямар ч явган хүн зорчих боломжгүй нөхцөл байдал үүсээд байгааг хэн хүнгүй л мэднэ.Гэхдээ сүүлийн жилүүдэд “Туушин” зочид буудлаас эхлээд явган хүн зорчих ямар ч боломжгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбайд шат, хашаа барьдаг байдал гаарсан. Иймээс бид Нийслэлийн Засаг даргад саналаа хэлж, захирамж гаргуулан энэ ажлыг эхлүүлсэн.
Үүнтэй холбоотойгоор НИТХ-аас “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг баталсан. Одоо бид барих стандарт журамтай болсон учраас энэ ажлыг цаашид эрчимтэй хийнэ. Өнгөрсөн жил 70 орчим байршилд явган хүний зам талбайг чөлөөлөх ажлыг хийсэн. Харин энэ жил ганц явган хүний зам талбай гэхгүйгээр замбараагүй баригдсан хашаа, хайсыг давхар чөлөөлөхөөр Нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулан ажиллаж байна.
“Хашаа хайс” нэгдсэн арга хэмжээ маань эхлээд cap хүрэхгүй хугацаа өнгөрч байгаа ч бид 72 байршлын 117 объектыг чөлөөлөөд байна. Цаашлаад иргэдээс гомдол санал ирүүлж байгаа байршлуудыг чөлөөлнө. Тухайлбал, “Метро Молл” дэлгүүрийн өмнөх явган хүний замыг хаасан хашлага, Бөхийн өргөөнөөс урагшаа явдаг авто зам дагуух явган хүний замыг хаасан өргөтгөлүүдийг буулгана.
-Томоохон аж ахуйн нэгжүүдийн газрыг чөлөөлж чадах эсэхэд иргэд эргэлздэг. Нөгөө талаасаа аж ахуйн нэгжүүдийн эрхэнд халдаж байгаа явдал гэсэн тайлбар явж байна?
-Иргэдийн эрүүл, тав тухтай орчныг бүрдүүлэхийн тулд чадах л ёстой болно. Дээр хэлсэн байршлууд нь иргэдээс удаа дараа ирж байгаа хүсэлт учраас зайлшгүй чөлөөлөх шаардлагатай. Ер нь цаашид энэ мэт зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ шиг ажлуудыг 2019, 2020 онд ч эрчимтэй хийнэ. Ингэж байж хот маань эмх цэгцтэй болно. Үнэхээр нийтийн эрх ашгийг хөндсөн байршлуудад төрийн төмөр нүүрийг үзүүлж, газар чөлөөлөлтүүдийг хийх ёстой, хийх ч болно.
Иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгээд нэгдсэн судалгаандаа оруулаад буулгалтуудыг хийж байна. Иргэд маань ч мөн саналаа манай албанд ирүүлэх хэрэгтэй. Ер нь сүүлийн үед иргэдээс ирүүлэх хүсэлтүүд харьцангуй багасаж байна.
Түүнээс гадна төрийн байгууллагууд өөрсдөө бусдад үлгэр жишээ байх ёстой гэдэг үүднээс ойр орчны хэсэгтээ явган хүний зам талбайг чөлөөлөх уриалга гаргуулахаар санаачлаад судалгааны ажлууд хийж байна.
-Гэр хороолол, зуслан гээд бүх газруудад зөрчил арилгах арга хэмжээ хийнэ гэж ойлгож болох УУ?
-Тийм ээ. Өнгөрсөн хавраас зуслангийн ногоон бүсэд зөрчил арилгах арга хэмжээг эхлүүлсэн. Зуслангийн айлууд маань ямар ч орц, гарцгүй, машинтай битгий хэл явган хүн ч гэр рүүгээ ороход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байсан. Тиймээс тухайн хэсгийн айл өрхүүдтэй уулзаж, харилцан ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр хашаануудыг татуулж орц, гарц гаргуулах ажлыг хийсэн.
Нэг айлын хашааг татуулж чадсанаар цаана нь байгаа 9-10 айлын орц, гарц нээгдэж байх жишээтэй. Түүнээс гадна би ч, та ч зусланд гарч байгаагийнх ой мод руу орж алхаж байж зусланд байгаа мэдрэмжийг авдаг шүү дээ. Гэтэл ой модыг хаагаад хашаа барьснаас болоод иргэд хол алхах эсвэл хашаа давах эсвэл ой мод руу орохгүй байх нөхцөл байдал үүсдэг. Ийм асуудал байж болохгүй зүйл гэж боддог юм. Тиймээс иргэдэд зориулсан ой мод руу гарах гудамжууд, орц гарцуудыг гаргах ажлуудыг ч хийж байгаа. Энэ ажил гэр хороололд ч гэсэн хийгдэнэ.
-Нийслэлд газрын нөөц байхгүй болсон гэлээ. Гэтэл орон сууцны хороолол дундах газрын маргаан байсаар байна?
-Таны асуугаад байгаа орон сууцны хороолол дунд болон нийтийн эзэмшлийн зам талбайд шинээр газар олгосноос үүдсэн маргаан их гардаг байсан. Одоо бараг байхгүй болсон. 2016 оноос хойш нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрийн газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олголт хийхийг бүрэн зогсоосон. Ингэснээр нийслэлийнхний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хотын ногоон байгууламж, авто зогсоолын хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Бид конторын барилга барих зориулалтаар газар шинээр олголт хийхийг бүрэн зогсоосноос гадна өмнө нь хууль зөрчин олгогдсон газруудын эрхийг цуцалж, нийтийн эдэлбэрт шилжүүлэх эсвэл тухайн сургууль, цэцэрлэгт буцаан олгох ажлыг хийж байна.
Өнгөрсөн хугацаанд нэгтгэсэн дүнгээр сургууль, цэцэрлэг болон орон сууцны хороолол дунд байрлах, хоёр жил ашиглаагүй зориулалтын бусаар газраа ашигласан 606,280 м/кв газар буюу 60.6 га газрыг хүчингүй болгож, сургууль, цэцэрлэг болон нийтийн эзэмшилд буцаан шилжүүлсэн.
-Бүтээн байгуулалт хийх газрыг чөлөөлөх тал дээр бас хүндрэл гараад байгаа харагддаг. Энэ жил хаана ямар бүтээн байгуулалтад зориулж хэдий хэмжээний газрыг чөлөөлөх вэ?
-Бид 2016-2018 онд Сэлбэ болон Баянхошуу дэд төвүүд, авто зам, замын байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хорооны цогцолбор барих нийлбэр дүнгээр 197 байршлын 2,500 гаруй нэгж талбарын 420 га газарт газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн хийж дуусгасан. Харин энэ онд улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийх 167 бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийг хийхээр төлөвлөөд ажиллаж байна.
-Газартай холбоотой хүсэлтийг заавал Газар зохион байгуулалтын албанд ирж ачаалал үүсгэхгүйгээр цахимаар авах боломж байна уу?
-Төрийн байгууллагын хувьд анх удаагаа ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэхээр эхний алхмуудаа бид хийж эхэлсэн. Төрийн байгууллагаас иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлэх үйлчилгээг нэгдсэн нэг стандарттай болгох зорилготой ажиллаж байна. Хаана механик ажиллагаа их байна, хаана алдаа, дутагдал гарч байгааг судалж, аль хэсгийг цахим болгох вэ гэдгийг судлаад хэд, хэдэн төрлийн үйлчилгээг цахимжуулахаар ажлууд хийгдээд дуусаж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.
Жишээ нь, иргэн өөрийн газартай холбоотой хүсэлтээ нэг цэгийн үйлчилгээгээр өгөөд өргөдөл нь хаана, хэн дээр ямар шатандаа явж байгааг цахимаар харж, хянах боломжийг олгохоор бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.
Яг өнөөдрийн байдлаар бол дундын мэдээллийн санг ашиглан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээрээ дамжуулан иргэдэд 26 нэр төрлийн үйлчилгээг үзүүлж байна.
-Цахимжуулах ажил хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Газар зохион байгуулалтын албанд хандаж гаргасан газрын эрхийн хугацаа сунгах, эрх шилжүүлэх, талбай хэмжээ өөрчлөх гэх мэт хүсэлтийг манайх дотооддоо Газрын эрхийг хянан шийдвэрлэх, зөвлөлийн хурлаар хэлэлцсэний дараагаар НЗДТГ-ын хуулийн хэлтэс, Тамгын газрын дарга, Засаг даргын зөвлөх хянаад дараа нь Нийслэлийн Засаг дарга гарын үсэг зурснаар захирамж гардаг. Эдгээр шат дамжлага дээр ч цаг хугацаа алдах тохиол гардаг. Тиймээс яг хаана, ямар шатандаа явж байгааг иргэд нээлттэй хянадаг болно гэсэн үг л дээ.
Үүнээс гадна ачааллыг бууруулахаар хороо бүрийн Газар ашиглалтын сэдэвчилсэн мэдээллийг багтаасан альбомыг хийж хороодод эхнээсээ өгч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, иргэдийг мэдээлэл авахаар ирж байгаа механик ачааллыг бууруулж өгөх юм.
Энэ альбомд тухайн хорооны хил хязгаар, хүн амыг тооноос эхлээд бүх төрлийн статистик тоо баримт, хамгаалалтын бүс, өмчилсөн нэгж талбарын тоо, эзэмших гэрчилгээтэй нэгж талбарууд нь аль вэ, одоо хаана, хаана эзэмших, өмчлөх боломжтой вэ гэх мэт бүх төрлийн мэдээллийг нээлттэйгээр оруулаад өгнө.
Тэгвэл иргэд заавал дүүргийн Газар зохион байгуулалтын албанд ирж өөрийн газрын мэдээллийг авах гэж ачаалал үүсгээд байхгүйгээр хороо дээр очоод альбомоосоо эдгээр мэдээллийг авчих боломж бүрдэх юм. Өөрийн газрыг өмчлөх боломж байна уу, миний газар үер усны хамгаалалтын бүсэд өртөж үү, шугам сүлжээ, авто зам хаагуур хийгдэхээр төлөвлөгдөж байгаа гээд өөрт хэрэгтэй мэдээллийг бүгдийг нэг дороос харах боломжтой.
Манай байгууллагын мэргэжилтнүүд ч энэ мэдээллийг өгөх гэж цаг хугацаа зарцуулахгүй, өөр бусад нарийн төлөвлөлт шаардсан ажлуудаа хийх боломж бүрдэнэ.
Түүнээс гадна нийслэлийн хэмжээнд газрын гадаргын хэмжилт хийх гэж цаг хугацаа, хөрөнгө мөнгө ихээхэн зарцуулдаг, технологийн хувьд тийм ч сайнгүй байсны улмаас их хэмжээний бороо орох үед автозам болон үерийн далан шуудуу, өндөр газрыг ашиглан барьсан барилга, байгууламж барьснаас газар доорх гарааш, подвалд их хэмжээний ус орох зэргээр эрсдэл үүсэж, үүнээс болж төр, хувийн хэвшлийнхэн хохирол амсдаг байсан.
Бид энэ байдлыг өөрчилж өндрийн геоидын загварыг сайжруулж, нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын гадаргын аль хэсэгт хэдий хэмжээний хотгор, гүдгэр байгааг геодезийн хэмжилт боловсруулалтын ажлын үр дүнд 1-3 см нарийвчлалтай олон улсын жишигт нийцүүлэн тодорхойлдог болсон.
Ингэснээр өндрийн сүлжээний ажлыг байнгын ажиллагаатай станцаар дамжуулан богино хугацаанд орчин үеийн дэвшилтэд технологид тулгуурлан эдийн засгийн хувьд үр ашигтай гүйцэтгэх боломжтой болж байгаа юм. Товчхондоо, хиймэл дагуулаас мэдээлэл авч боловсруулалт хийн хэрэглэгчдэд түгээх зориулалт бүхий 24 цагийн турш ажиллагаатай хоёр долгионы GNSS-ийн багаж, тоног төхөөрөмжийн иж бүрдэл ашиглан орон зайн мэдээллийг бүрдүүлнэ, түгээдэг болсон.
-Газар эзэмших эрхийн хугацаанд өөрчлөлт орсон гэсэн?
-Нийслэлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаас бусад зориулалтаар газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг өмнө нь таван жилээр сунгаж, бусад хэлбэрээр өөрчлөлт орох тохиолдолд өмнөх шийдвэрийн үлдсэн хугацаа буюу нэг жил хүрэхгүй хугацаагаар эрхийг тогтоож байсныг өөрчилж Газрын тухай хуульд нийцүүлэн газар эзэмших эрхийн хугацааг өөрчлөлт орох хэлбэрээс үл хамааран 15 жилээр олгохоор болсон.
Ингэснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдэх, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн ажлууд идэвхжин, тогтвортой харилцаа үүсгэх, газар ашиглалтын үйл ажиллагаа сайжирснаар газар эзэмшигч, ашиглагч, хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бололцоо үүсч байгаа юм.
-Газрын дуудлага худалдааг иргэд бас сонирхдог болсон байна?
Газрын цахим биржийн үйл ажиллагааг www.mle.mn сайтад тулгуурлан нийслэлд нэвтрүүлж эхлүүлсэн. Ингэснээр шинэ программ хангамж бүхий цахим биржээр дамжуулан газрын дуудлага худалдааг зохион байгуулж, зах зээлийн үнийн мэдээлэл цуглуулах, уг мэдээллээр иргэн, хуулийн этгээдийг хангах боломжтой болж байгаа юм. Цаашлаад нийслэлийн өмчийн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, газрын зах зээлийн үнийг тогтоож, иргэд өмчилсөн газрынхаа үр шимийг хүртэх, газар чөлөөлөх ажлыг биржээр дамжуулан гүйцэтгэх, газрын далд худалдааг ил болгон хуваарилалтыг тэгш шударга хийх нөхцөл бүрдсэн.
-Цаашид ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ. Газар өмчлүүлэх ажил хэзээ дуусах вэ?
-Өнөөдрийн байдлаар суурьшлын бүсийн газар өмчлөл 90 хувьтай болсон байна. Одоо бид үлдсэн 10 хувийг өмчлүүлж дуусгахаар зорилт тавин ажиллаж байна. Цаашлаад газар өмчлөлийн асуудлыг олон улсын жишигт нийцүүлсэн байдлаар хэрхэн шийдвэрлэж болох талаар гарц гаргалгаа гаргаж, иргэдэд газрыг өмчлүүлэх ажлыг хийж дуусгана. Мөн газрын тухай хуулийг иргэдэд ээлтэй байдлаар шинэчлэн батлуулах, газар эзэмших, ашиглах эрхтэй хуулийн этгээдийн газрыг зах зээлийн эргэлтэд оруулах цогц системийг газрын биржээр дамжуулан бий болгох, газрын зөрчил маргааныг бүрэн цэгцэлж дуусгах гээд бидэнд хийхээр төлөвлөсөн ажил их байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин