“Мандухай” зочид буудлын хашааг татуулж, явган хүний зам гаргуулав

2019 оны 5 сарын 10

Arslan.mn

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас өнөөдрийн байдлаар “Хашаа, хайс” нэгдсэн арга хэмжээний хүрээнд I ээлжинд 29 байршилд, II ээлжинд 29 буюу нийт 58 байршилд төмөр хашаа, хайс, контейнер, өргөтгөл зэргийг буулгаж явган хүний зам, талбайг гаргаад байна.

Тэгвэл өчигдөр Чингэлтэй дүүргийн III хороонд байрлах “Мандухай” зочид буудлын хашааг хойш татуулж, явган хүний зам гаргуулав. Тухайн хэсгийн оршин суугчид болон 24 дүгээр сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд үүнийг “Ёстой л нүдээ олсон ажил боллоо” хэмээн сайшааж байлаа. Чингэлтэй дүүргийн III хорооны иргэн Т.Төгс-Од “Энэ хавьд амьдардаг иргэн бүрийн хүсэн хүлээж байсан зүйл биеллээ оллоо. Энд төрийн болон хувийн хэвшлийн олон сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл явган хүний зам байхгүйн улмаас хүүхдүүд машинуудтай зэрэгцээд авто замаар явахаас өөр аргагүй байсан. Харин одоо явган хүний замыг чөлөөлж өгснөөр хүүхэд багачууд амар тайван зорчих боломж олдож байгаад их баяртай байна” гэлээ.

“Орц, гарц чөлөөлөх мэдээллийг иргэдээс цахим хэлбэрээр авч байна. Мөн газар зохион байгуулагчид хороодоос судалгаа гаргадаг. Энэ жил 80 гаруй байршилд газар чөлөөлөлт хийхээр төлөвлөсөн. “Мандухай” зочид буудлын ойр орчимд цэцэрлэг, сургууль цөөнгүй байдаг. Бага насны хүүхдүүд ихээр зорчдог зам. Тиймээс дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Мандухай” зочид буудлын удирдлагуудад хүсэлт гаргасны дагуу тухайн байгууллага өөрөө хашаагаа буулгаж, татаж байна” хэмээн Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн М.Сэргэлэн ярьсан.

Мөн Баянгол дүүргийн 18 дугаар хороо буюу 96 дугаар сургууль, 11 дүгээр цэцэрлэг хоёрын дунд газрын зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн, явган хүний зам, талбайг хааж гарааш, хашаа барьсан байсныг мөн албадан буулгалаа.

Тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны зохион байгуулагч Ц.Отгонбямба “Хашаа, хайс” арга хэмжээний хүрээнд манай дүүрэг 36 байршилд судалгаа гаргаж чөлөөлөхөөр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар 16 байршилын газрыг чөлөөлж явган хүний зорчих хэсгийн газруудыг чөлөөлөөд байна. Энэ байршлын хувьд тухайн аж ахуйн нэгж байгууллага нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс гурван метр хэтрүүлэн явган хүний зам хааж хашаа, гарааш барьсан байгаа. Бид гурван удаа мэдэгдэл өгсөн боловч арга хэмжээ аваагүй. Тиймээс өнөөдөр албадан буулгаж, гарсан зардлыг тухайн байгууллагаар төлүүлнэ” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
603335
0 эможи

keyboard_arrow_up