Улаанбаатарын иргэд “тоосны машин” биш
Грекийн нэгэн жүжигт хамгийн дотно найз нөхдөө эрүүл саруул яваад баярладаг нэг ч эмч хүн байдаггүй, тэр бүү хэл төрөлх хот нь дайн дажингүй амгалан байгаад нэг ч цэрэг сэтгэл хангалуун байдаггүй хэмээн гардаг талаар уншиж байв. Өвчтөн очихгүй бол эмч ажилгүй, дайн гарахгүй бол цэрэг эр уйддаг учраас өөрсдийнхөө эрх ашигт бүхнийг нийцүүлэх санаатай гэсэн агуулгатай байсан юм, тэр жүжиг. Бидний нийгэмд үүнтэй агаар нэг явдлууд сүүлчийн жилүүдэд гарах нь ихэслээ. Ялангуяа, өөрт нь ашиггүй бүхнийг шүүмжилж, олон нийтийг турхирсан хандлага бүр нэмэгдэв.
Гараа хөдөлгөдөггүй хэрнээ, хошуугаа нэмэрлэдэг хүмүүсийн жилийн жилд ярьдаг нэг сэдэв нь уулын мод. “Ургаа модыг Улаанбаатарт авчирч булшиллаа” хэмээн эсэргүүцэл үзүүлдэг хүмүүсийн дайралт хэдийнэ эхэлчихлээ. Тэд нийслэлийн гудамж талбайг битүү цементэлж, оршин суугчдын уушгийг “тоосны машин” болгох хүсэлтэй гэмээр л аашлах юм. Тарьсан мод чинь үхэж байна гэж шүүмжилдэг атлаа ямар арга хэмжээ авах ёстой талаар үг унагана гэж үгүй. Уг нь зүгээр шүүмжлэх биш, “Бид энд ийм мод тариад, тэр нь ингэж ургаж байна. Та нар буруу хийж байна” хэмээн үлгэрлэвэл нийслэлийн иргэд бидэнд хэрэгтэйсэн.
БОАЖЯ-наас цэвэрлэгээ хийх ойн талбайг жил бүр баталдаг. Тухайн талбай дахь өгөрсөн модноос авахуулаад, байгалийн тэнцвэрт байдлыг нь алдагдуулахгүйн тулд сийрэгжүүлэлт хийж, ургаа модыг ч хөрөөдөж хаядаг гэж болно. Үүнээс гадна түймрийн улмаас хэдэн арван мянган га ой жил бүр хуйхлагдаж байгаа. Өнгөрсөн онд л гэхэд 30 гаруй мянган ам метр ой шатсан байгаа юм.
Уулнаас мод шилжүүлэн суулгахыг эсэргүүцэж буй хүмүүс энэ талаар ам нээсэн удаагүй нь сонин. Уг нь үнэхээр ой модоо хайрладаг бол ядаж л гал түймрээс сэрэмжлэх талаар мэдээлэл хийх байсан бус уу. Монгол улсын Засгийн газрын 2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн ногоон байгууламжийг гурав дахин нэмэгдүүлэх талаар тусгасан байдаг. Үүний дагуу Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөд ч нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр тодорхой ажил төлөвлөж, мод тарьсаар байна. Энэ хүрээнд өнгөрсөн онд л гэхэд 40 гаруй мянган мод тарьсан байна. Үүний 34.9 мянга нь гоёлын мод байх жишээтэй. Товчхондоо эрүүл орчны индикатор болсон нарсыг үй олноор нь толгой дараалан хяддаг гэсэн үг биш.
ТЭД ИНГЭЖ ОЙЖУУЛДАГ
Түүнээс гадна нийгэмд түгээд буй “том тоог” мод шилжүүлэн суулгахад зарцуулж байгаа гэсэн үг бүр биш. Дээрх 40 гаруй мянган модыг цөмийг нь уулаас авчрахад нийслэлийн байтугай улсын төсөв хүчрэхгүй. Нийслэлийг тойрсон үржүүлгийн газрууд гоёлын бут, сөөг нийлүүлдэг учраас нарсыг нь л уулнаас авчирч байгаа. Уулнаас авчраад Улаанбаатарын хөрсөнд суулгах хүртэлх зардал нь 300-380 мянган төгрөг. Яг үнэндээ энэ тийм ч хангалттай мөнгө биш. Тодруулбал, эдийн засаг хямралтай байгаа энэ үед иргэд олноороо ажилгүй байгааг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл уулнаас мод буулгах ажлыг тухайн орон нутгийн иргэд хийдэг. Мөн ачиж тээвэрлэх ажлыг ч хувь хүмүүс хийж байгаа. Тэр бүгдийн хөлс, шатахууны зардал энэ үнэд багтдагийг мод бэлтгэдэг наад захын хүн хэлээд өгөх биз. Гэтэл бид үүний 10 хувьд ч хүрэхгүй мөнгө төсөвлөж байна.
Өнөө жил нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд нийтдээ 7.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүний 1.4 тэрбум нь гоёлын, 335 сая төгрөг нь том мод тарихад зарцуулах тооцоололтой аж. Харин үлдсэн нь ногоон байгууламжийг усалж, арчилж, хүний хөлөөс хамгаалахад зарцуулагдах юм. Тэгвэл БНХАУ-ын Эрээн хот л гэхэд ногоон байгууламжаа нэмэгдүүлэх зардалд жилд 150 тэрбум төгрөг төсөвлөдөг байх жишээтэй. Барууны орнууд ч ногоон байгууламжид зарцуулах төсвөө жилээс жилд нэмж байгаа гэх. Учрыг нь тодруулбал, ойгоос мод шилжүүлэн суулгахгүй байх зарчим баримталж, нийтийн эзэмшлийн талбай цементэлж эхэлсэн нь асар том уршиг дагуулсан аж. Оршин суугчид нь хөл, уушгины өвчнөөр өвчилж эхэлсэн ажээ. Хотод ногоон байгууламж хэрэгтэйг хожуу ухаарсан ч тэд жилд 100 гаруй мянган мод шилжүүлж, энд тэндгүй цэцэрлэгт хүрээлэнтэй болж чадсан байгаа юм. Гэтэл бид амин хэрэгцээ болсон ногоон байгууламжид төсөвлөх хөрөнгөдөө гар татаж, ажил хийж байгаа нэгнээ хэмлэж байна.
ҮҮНЭЭС ЯМАР ҮР ДҮН ГАРАХ ВЭ
Өнөөдрийн Улаанбаатарын агаар, хөрс нь бохир, тоостой. Үүнээс үүдээд амьсгалын замын өвчлөл нэмэгдэж, ураг, нярай эндэж байна. Шилжүүлэн суулгасан нарс үхэж байгаа нь ч агаарын бохирдолтой холбоотой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлнэ лээ. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нэг иргэнд 0.3-4.6 ам метр ногоон байгууламж ногдож байна. Сүхбаатар дүүргийн нэг оршин суугчид 4.6 метр ногоон байгууламж ногдож байгаа бол Сонгинохайрхан дүүргийн иргэнд хамгийн бага буюу 0.3 ам метр ногдож байгаа юм. Энэ тоог олон улсын стандартад нийцүүлэхийн тулд хотод 30 гаруй цэцэрлэгт хүрээлэн байгуулах шаардлагатай гэсэн судалгаа бий. Хэрэв энэ стандартад нийслэлийн ногоон байгууламжийг хүргэж чадахгүй бол ханиад томуугийн дэгдэлт зун ч идэвхжиж, Улаанбаатар улаан тоосон дунд оршдог болно. Тэгэхээр ногоон байгууламжид зарцуулах төсвөө нэмж, ажлаа эрчимжүүлэх шаардлага тулгарч байна гэсэн үг.
П.Бямба
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин