Э.Болорчулуун: Цахимаар өмчилсөн газарт нэг ч иргэн очиж амьдраагүй байна
Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Геодези зураг зүйн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус газраас маргааш Геодези зураг зүйн салбарын удирдах ажилтны II зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулах болон газар эзэмшигчдийн бүх мэдээллийг ил тод болгож байгаа талаар мэдээлэл өглөө.
Хэвлэлийн хуралд Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын дарга А.Батбаяр, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Болорчулуун нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Болорчулуун:
Нийслэлийн газар зохион байгуулах хэлтсээс тухайн жил хийгдэх ажил, иргэдэд газар өмчлүүлэх байршлыг тодорхойлдог. Энэ жилийн хувьд өмнө нь газар өмчлөл 89 хувьтай боловч шинээр газар эзэмшүүлэх асуудал маш багаар тусгагдсан байгаа. Учир нь дэд бүтэц хөгжөөгүй, тог цахилгаангүй, зам, суурин газарт биш учраас бид шууд төлөвлөх боломжгүй. Өмнө нь цахимаар өмчилсөн газарт нэг ч иргэн амьдраагүй байгаа нь үүнтэй холбоотой. Хүний амьдрах орчны шаардлага, зайлшгүй хэрэгцээг хангахгүй байна гэсэн үг. Одоогоор эзэмшил газартаа амьдарч буй иргэд 11 хувийг л эзэлж байна.
Албаны хүмүүсийн мэдээлснээр тус газарт 2018 онд улсын хэмжээнд нийт 1.091.873 иргэн, аж ахуй нэгж байгууллага 6.9 сая га газрыг эзэмшжээ. Энэ нь өмнөх оныхоос нийт 55.756-аар өссөн үзүүлэлт аж. Энэ онд нийт өмчлүүлэх газрын 99.5 хувь нь Монгол Улсын иргэдэд үнэгүй өмчлүүлэх, 0.50 хувь нь аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэх газар юм байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|