С.Амарсайхан: Сүхбаатарын талбайн урд хэсэгт нийслэлийн хөрөнгөөр усан оргилуур барина
Хотын захирагч С.Амарсайхан Сүхбаатарын талбайн газар эзэмшлийн эрхийг газар дээр нь очиж цуцалж байна.
ШУУД ҮЗЭХ:
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан:
Анх 2006 онд усан оргилуур бүхий газар доогуурх байгууламж барихаар төсөл сонгон шалгаруулалтаар тус компани газар эзэмшигч болсон гэдэг ч төсөл сонгон шалгаруулсан материал байдаггүй. Ингээд 10 жилийн хугацаанд зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй. Дараа нь автомашины зогсоол байгуулж, орлогынхоо 30%-ийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ хэмээн 2016 онд гэрээ байгуулсан ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг хотод төлөөгүй. Та бүхний харж байгаачлан одоо ч машин зогсож байна.
2017 онд энэ 2.5 га талбайг 9.8 сая доллар буюу 22.5 тэрбум төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн зүгээс энэ талбай дээр нийтийн боловсон бие засах газар байгуулъя гэхээр талбай гаргаж өгдөггүй. Тиймээс бид өнөөдөр энэ газрын эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргаж байна.
Хуулийн дагуу бол тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахгүй хоёр жил болбол цуцлах ёстой. Мөн газрын эрхийг цуцлахын өмнө сонсох үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ дагуу бид сонсох үйл ажиллагааг зохион байгуулж, компанид мэдэгдлийг өгсөн тул хууль, журмын дагуу цуцалж байгаа. Цаашид энэ талбайд нийслэлийн хөрөнгөөр усан оргилуур байгуулж, иргэдийн амарч суудаг талбай болгоно.