ХОТЫН ДАРГА ХЯТАД НОГООНЫ “ХҮҮХЭД”

2019 оны 4 сарын 19

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагвад “Тогтоолын төсөл өргөн мэдүүлэх тухай” албан бичгийг 2019 оны гуравдугаар сарын 27-нд хаяглан хүргүүлэв. Тогтоолын төслийн гол утга санаа нь орчин үеийн дэвшилт технологид суурилсан, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх чиг үүрэг бүхий “Улаанбаатар агропарк” хаалттай хувьцаат компани байгуулах тухай байлаа.

МӨӨГ “АТГАХ” ХҮСЭЛ 


БНХАУ-ын Тяньжин хот Монгол Улсын нийслэл Улаанбаатар хоттой хамтран “Хүнсний ногооны шинжлэх ухаан технологийн үзүүлэнгийн паркийн төсөл”-ийг хэрэгжүүлэх ажил. Төслийг Улаанбатаар хотын талаас “Улаанбаатар агропарк” хаалттай хувьцаат компанийг үүсгэн байгуулж, БНХАУ-ын “Тяньжин фүүд” компанитай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байжээ. Бүр гар барилцан хөргөө татуулж амжсан. Хэдийгээр уг төслийг Нийслэлийн ИТХ-ын гишүүдийн дийлэнх нь дэмжээгүй ч хотын даргын хятад ногоо, мөөгөөр монголчуудыг тэжээх хүсэл нь унтраагүй байна. 
Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Улаанбаатар агропарк” компанид хүлэмжийн аж ахуй эрхлэх газрын зөвшөөрлийг дэмжихээ илэрхийлсэн бөгөөд төслийн хамрах талбай нь 50 га. Орчин үеийн хөдөө аж ахуйн үзүүлэнгийн парк байгуулж, өндөр чанартай бүтээгдэхүүн нийлүүлнэ хэмээн уг төслийн танилцуулгад дурджээ. Оффис болон ажилчдын байрыг Хятадын уламжлалт загварын хашаа, зоорь, агуулахын загвараар барихаар тусгасан байна. Санхүүжилтыг Хятадын тал хариуцах бөгөөд нийт 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөжээ. Энэ мэтээр Монголын хүлэмжийн аж ахуйг бүхэлд нь “залгих” их гүрний бодлогын чанартай тусгасан төлөвлөгөөт ажлуудыг “Тяньжин фүүд” компаниас боловсруулсан төслийн танилцуулгаас тодорхой харчихаж болно. 
Харин одоо хойд хөршид тохиолдсон гашуун түүхийг сануулая. ОХУ-ын Сахалин мужийн хяналтын ажилтнууд Хятадын 17 иргэнийг хэдэн жилийн өмнө саатуулсан мэдээ дэлхийн олон оронд сенсац дэгдээв. Баригдсан нөхдөөс нийт 300 гаруй кг пестицид хураан авчээ. Мөн генийн инженерийн аргаар өөрчилсөн 20 гаруй кг үр нуусныг мэдээлж байлаа. 


Генийн өөрчлөлттэй хүнс хэрэглэх нь ОХУ төдийгүй БНХАУ-д хуулиар хориглодог. Ийм аргаар ногоо тарьснаар өсөлт эрчимждэг бөгөөд зуны хэдхэн сард 10-12 удаа ургац хурааж байсан нь тогтоогджээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ийм үрээр ургасан ногоо уушгины хавдар үүсгэх зэргээр маш хортой үр дагавартай байдгийг баталсан байна. Угтаа бол энэ асуудлыг тухайн улс орны хүн амын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд заналхийлсан гэмт хэрэг хэмээн үзсэн юм. 
Тэрбум илүү хүн амынхаа хүнсний ногооны хэрэгцээг хангахын тулд хятадууд химийн бордоо, генийн өөрчлөлттэй үр хэрэглэдгээ бараг арваад жилийн өмнө дэлхийд ил тод зарласан. Тухайн үед томоохон орнуудын эрүүл мэндийн байгууллага хятадуудын үйлдлийг “Энэ бол зөвхөн БНХАУ-ын хүн амд хамаатай биш. Тус улс дэлхийн олон оронд хүнсний экспортын сүлжээгээ тогтоосон, маш том зах зээлийн тоглогч гэдгээрээ хүн төрөлхтний хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудал” хэмээн буруутгаж байв. 
Мөн ОХУ-ын Эрхүү мужид хүлэмжинд ногоо тарьдаг хятадуудыг баривчилсан тохиолдол бас бий. Хүлэмжийн хөрс пестицид их хэмжээгээр шингэсэн төдийгүй тэнд шинжилгээ авч байсан хяналтын хүн хордож ухаан алдсан хэрэг бүртгэгдсэн. Лоолийг гэхэд л тод улаан өнгөтэй болгохын тулд химийн бодис шахдаг байсан нь баримтаар тогтоогдсон. Үнэндээ ОХУ-ын хяналтын системийг Монгол мэт жижиг оронтой жиших аргагүй. Тиймдээ ч хүлэмжинд хоол бус хор үйлдвэрлэж буйг тогтоож, тухай бүрт нь хатуу арга хэмжээ авсаар байна. 
Хотын даргын хөхиүлэн дэмжиж, сайшаан өргөмжилсөн “Улаанбаатар агропарк” компани санал болгосон төсөлдөө монголчуудын мөөгний хэрэглээг хангах том зорилт зорилго өвөртөлжээ. Бүр “..монголчуудын мөөгний өндөр хэрэглээг хангах” хэмээн тодорхойлсон байна. Тэгвэл Хятадаас орж ирж байгаа боловсруулсан мөөгний 35 хувийнх нь давсны агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их байсан тохиолдол бүртгэгджээ. 2006 онд ийм мөөг хүний биед сөрөг нөлөөтэй болохыг тогтоож, цөөнгүй хүн хордсон тул худалдахыг хориглож байсан ч удаатай. Гэхдээ “Тяньжин фүүд” монголчуудын мөөгний хэрэглээг хангана хэмээн том дуугарахаас аргагүй. Бид хүнсэндээ хятад мөөгийг л түлхүү хэрэглэж байгаа нь үнэн. Монголын ганц нэг компани саяхнаас л хүлэмжид мөөг ургуулж, тариалж эхэлснийг эс тооцвол бараг л алга. 
Өмнөд солонгосчууд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэхийн тулд “Цагаан хувьсгал” хөдөлгөөн өрнүүлжээ. Үр дүнтэй байсан тул дахиад “Ногоон хувьсгал”-ыг өрнүүлсэн түүхтэй. Газар тариалангийн салбарт ажилладаг хүмүүстээ гарааны бизнесийн хүүгүй зээл олгох, энэ салбарт зүтгэх залууст их сургуульд сургах, төлбөрөөс чөлөөлөх гэх мэтээр бодлогоор дэмжсэн сайн туршлага ихийг тоочиж болно. Үүнтэй адил хотын дарга хүлэмжийн аж ахуй эрхлэгчдээ дэмжих бодитой санал санаачилга өрнүүлэх талаар яагаад сэтгэсэнгүй вэ. Хожмын үр дагавар нь төсөөлснөөс хавьгүй их байх биз. 
“Улаанбаатар агропарк” компанид ашиглуулах энэхүү 50 га нь Монгол Улсын хүлэжмийн аж ахуй эрхэлдэг талбайн 90 хувьтай тэнцэнэ хэмээн салбарын нэг мэргэжилтэн дүгнэжээ. Эндээс харахад л хотын даргын уг шийдвэрийг буруутгахаас аргагүйд хүрч байна. 

Эх сурвалж: Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН, Өнөөдөр сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
602461
3 эможи

keyboard_arrow_up