ДЭЛХИЙН ТОМООХОН ХОТУУД НИЙТИЙН ТЭЭВРИЙГ УЛС ТӨРӨӨР БИШ, УХААЛАГ СИСТЕМЭЭР ХӨГЖҮҮЛЖ БАЙНА

2019 оны 4 сарын 17

“Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү, Гүйцэтгэх захирал Г.Батзориг нартай ярилцлаа.

Arslan.mn

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Ноён Шин Дун Ү-ийн хувьд өнгөрсөн жил “Корей Смарт Карт” корпорациас “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн ерөнхий захиралаар томилогдсон. Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу?

Шин Дун Ү: Миний бие БНСУ-ын  “Корей Смарт Карт” корпорацид 13 жил ажиллаж, өнгөрсөн 2018 оны нэгдүгээр сараас эхлэн “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн ерөнхий захиралаар томилогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

“Улаанбаатар Смарт Карт” ХХК-д манай улсын төрийн болон “Корей Смарт Карт” корпорацийн оролцоо ямар байдаг вэ?

Шин Дун Ү: Анх “Дата карт консерциум” нэрээр дөрвөн компани хамтарч сонгон шалгаруулалтад орж,  шалгарснаар Улаанбаатар хоттой хамтарсан “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийг байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлсэн. “Корей Смарт Карт” корпорацийн хувьд бүтэц, үйл ажиллагааны хэлбэр нь “Улаанбаатар Смарт Карт” ХХК-тай адилхан бөгөөд БНСУ-д төдийгүй дэлхийн цөөнгүй хотуудад нийтийн тээвэр, автобус, такси, метро зэрэг тээврийн төлбөр тооцооноос гадна програм хангамж, жижиглэн худалдаа, бусад төлбөр тооцоог хариуцан ажилладаг байгууллага юм. “Корей Смарт Карт” корпорацийн 36 хувийг Сөүл хотын захиргаа эзэмшдэг бөгөөд үүгээрээ оролцоо, хяналтаа тавьж ажилладаг.

“Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн хувьд хоёр орны хотуудын хамтын ажиллагааны үндсэн дээр үүсгэн байгуулагдсан компани. “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн 55 хувийг “Корей Смарт Карт” корпораци, 16 хувийг “Дата карт консерциум”-д оролцсон бусад Монгол компаниуд, 5 хувийг “ZEUS” компани, 24 хувийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар эзэмшдэг. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хувьд Төлөөлөн Удирдах Зөвлөлд хоёр төлөөлөлтэй бөгөөд үүгээрээ компанийн үйл ажиллагаа, засаглалд хяналт тавьдаг. Улаанбаатар хот хувьцаа эзэмшигчдийн хурал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар компаний үйл ажиллагаа, санхүүгийн бүхий л мэдээллийг авч, хянаж ажилладаг.

Нийслэлээс танай байгууллагын үйл ажиллагаанд хангалттай сайн хяналтаа тавьж ажилладаг гэж ойлголоо?

Шин Дун Ү: Тийм ээ. Нийтийн тээврийн төлбөр тооцооны системийг “ухаалаг” болгосноор бүхий л мэдээ, мэдээлэл нээлттэй болж зорчигч, зорчилтын тоо, орлогын мэдээллийг бодитоор хянах боломжтой болсон. Мөн бүх мэдээлэл, дата нээлттэй болсон. Бид Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг бөгөөд өдөр бүр орлого, орлогын хувиарилалт, гүйцэтгэлийг хянуулж, баталгаажуулан шилжүүлдэг. Түүнчлэн сар бүр нэгдсэн тооцоо, мэдээллийг нийслэлийн тээврийн газраар хянуулан Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлдэг. Тиймээс нийслэлийн зүгээс бүх талын мэдээллийг тухай бүрт нь авч, хяналтаа тавьдаг гэж ойлгож болно.

Гүйцэтгэх захирал Г.Батзоригоос тодруулахад, автобусны картаар бусад төрлийн төлбөр тооцоо хийдэг болгох тал дээр Монголбанк руу хүсэлтээ өгсөн байгаа гэж байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? 

Г.Батзориг: Бид холбогдох хууль тогтоомжийн дагуу албан ёсоор зөвшөөрөл авахаар Монгол банкинд хандаад байна. Монгол банкнаас зөвшөөрөл олгочихвол “U money” картаар бусад жижиглэн худалдааны төлбөр тооцоо, авто зогсоол, такси гэх мэт олон төрлөөр ашиглах боломжтой болгох ажлууд хийгдэнэ. Мөн Монгол банкнаас зөвшөөрлөө авчихвал худалдаа үйлчилгээний газруудаар дамжуулан ПОС-ын төхөөрөмжөөр автобусны картаа /U money/ цэнэглэх боломж ч бүрдэх юм.

Иргэдээс онлайнаар автобусны картаа цэнэглэх талаар санал их ирдэг. Энэ боломжтой юу?

Г.Батзориг: “U money” карт нь бүртгэлгүй урьдчилсан төлбөрт карт юм. Урьдчилсан төлбөрт картын онцлог нь иргэдэд худалдаж аваад шууд ашиглахад зориулсан хялбар карт боловч нөгөө талаасаа заавал төхөөрөмжөөр цэнэглэж ашигладаг.

Хэрэглэгчдийг картаа хялбар цэнэглэх боломжуудаар хангах нь бидний нэг үүрэг байдаг. Тиймээс бид онлайн цэнэглэлтийг судалж байгаа. Мобайл хувилбараар цэнэглэхэд ямар боломжууд байж болох, гар утас өөрөө төхөөрөмж болж цэнэглэх болон дэлгүүрүүдээр дамжуулан ПОС-ын машинаар цэнэглэх зэрэг олон талаас нь судалж байна. Картыг онлайнаар цэнэглэхэд өмнө хэлсэнчлэн Монгол банкны зөвшөөрөлтэй уялдуулан хэрэглээнд нэвтрүүлэх талаар судлан анхаарч ажиллах болно. Мөн иргэд, зорчигчид банкны картаар, үүрэн холбооны операторын сим картаар автобусны төлбөрөө төлөх боломжтой байгаа. Өнөөдрийн байдлаар Юнител, Мобиком, Скайтелын NFC сим картуудаар төлбөр төлөх бүрэн боломжтой байгаагаас гадна цэнэглэх цэг шаардахгүйгээр Хаан банкны “Сити пасс” карт зорчих нөхцөл бүрдсэн. Бусад банкуудтай хамтран ажиллах чиглэлээр ажиллаж байна. Дээрх картуудаас гадна сарын хугацаатай үнэгүй зорчих карт болон Номин, И-март дэлгүүрүүдтэй хамтран гаргасан картуудаар зорчих боломжтой. Иргэдэд цэнэглэх цэгүүдээр үйлчлүүлэхэд ойлгомжтой байх үүднээс цэгүүдийнхээ хаягжилтыг дахин сэргээж, илүү нүдэнд тусахуйцаар сайжруулж байна.

Картын үнийг яагаад 3,600 төг гэж тогтоосон бэ? Үнэтэй байна гэсэн асуудал яригддаг?

Г.Батзориг: “U money” карт нь төлбөр тооцоонд зориулсан өндөр нууцлал бүхий чиптэй олон улсад мөрдөгддөг стандартын дагуу БНСУ-д хийгддэг. 3600 төгрөг гэдэг үнийг 2015 онд картын өртгөөр нь буюу ямар нэгэн ашиг нэмэгдэлгүйгээр тогтоосон үнэ юм. Үнэд үйлдвэрийн зардал, гаалийн татвар болон НӨАТ-ууд багтсан. Сүүлийн жилүүдийн долларын ханшийн өсөлтөөс шалтгаалан манай компанийн нэгж картын өртөг нэмэгдэж байгаа ч бид картын үнийг өмнөх жилүүдийн адилаар борлуулж байгаа.

Arslan.mn

Монголд үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй тал байдаг уу?

Шин Дун Ү: Хүндрэлтэй гэхээсээ өмнө олон сайн талууд байгааг дурдья. Иргэд Нийтийн тээврийн төлбөрийн систем ухаалаг болон шилжихэд холбогдох өөрчлөлтүүдэд маш хурдан суралцаж, хэвшил болгож байна. Мөн хэвлэл, мэдээллийн байгууллагууд үйл ажиллагааны талаар болон иргэдэд зориулсан мэдээллийг түргэн шуурхай түгээж ажилладаг нь сайшаалтай байсан. Харин  хүндрэлтэй талууд гэвэл мэдээж техник хангамж талын хүндрэлүүд байдаг. Улаанбаатар хот маань эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө цаг агаар, орчны тоосжилтоос шалтгаалсан гэмтэл гарах, тоног төхөрөмжийн наслалтад нөлөөлөх сөрөг талтай байна. Түүнчлэн манай үйл ажиллагаатай холбоотой зарим улс төрчид, хувь хүмүүсийн зүгээс гүжирдэх, зохион байгуулалттай буруу мэдээлэл нийгэмд тараах явдлууд гарсаар байна. Бидний зүгээс “Удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” төслийг хэрэгжүүлэх мастер гэрээнд заасан чиг, үүргийнхээ дагуу тухай бүрт нь зөв мэдээ, мэдээллийг өгч ажлаа нээлттэй тайлагнаад явж байна.

Дээр дурдсан гэрээнийхээ дагуу гүйцэтгэлээ бүрэн хангаж ажиллаж чадаж байгаа юу?

Шин Дун Ү: Бид мастер гэрээнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулж, гүйцэтгэлүүдээ хангаад явж байна. Тухайлбал, “Удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” төслийг хэрэгжүүлэх мастер гэрээгээр нийт 500 байршилд цэнэглэх цэг байгуулахад хангалттай гэж тусгасан байдаг. Гэвч иргэдийн зорчих эрэлт, хүндрэл багатай үйлчлүүлэх нөхцлийг сайжруулах зорилгоор бид өнөөдрийн байдлаар 552 орчим борлуулах, цэнэглэх цэгийг ажиллуулж байна. Энэ ондоо багтаад карт цэнэглэх цэгийн тоогоо 650-д буюу 30 хувиар нэмэгдүүлэх  зорилт тавьж байна. Мөн бидний нэг үүрэг бол нийтийн тээврийн зорчилтын тоо, орлогыг бүртгэх зэрэг холбогдох мэдээллийг /дата/ цуглуулах, бүрдүүлэх ажил юм. Өнөөдрийн байдлаар датаг 99.9 хувьтай бүрдүүлээд байна. Уг дата буюу мэдээллийн баазыг Улаанбаатар хот руу шууд тайлагнаж, мэдээллэдэг. Бүрдүүлсэн датаг ашиглан Улаанбаатар хот бодлогоо тодорхойлж, хэрэгжүүлээд явах ёстой юм. 

“Корей Смарт Карт” корпорацийн хувьд Сөүл хоттой 15 жилийн хугацаанд хамтран ажиллаж байна. Сөүл хотын хувьд бодлогоо барьж, хэрэгжүүлэх, “Корей Смарт Карт” корпораци нийтийн тээврийн датаг бүрдүүлэх, тайлагнах бүртгэлжүүлэх гүйцэтгэлүүдийг нь хийдэг. Уг дата дээр тулгуурлан Сөүл хотын захиргаа бодлогоо боловсруулж, хэрэгжүүлж, хяналтаа тавьж ажилладаг. Энэ тогтолцоо нь өнөөдрийг хүртэл эрүүл, тодорхой, асуудал, удаашрал үүсгэдэггүй тийм систем гэдэг нь батлагдаад байгаа. Харин Улаанбаатар хотын зүгээс биднийг бодлогоо барьж, хэрэгжүүлж ажилла гэж хүсч байгаа бол тэр хэмжээний эрхээр нь хангаж өгөх шаардлагатай. Нөгөөтэйгүүр орлого унаад байна гэдэг асуудлыг ярьдаг. Гэтэл өнөөдөр нийтийн тээвэрт цахим картнаас болж орлого унах гэхээсээ илүү иргэд нийтийн тээврээс цэвэрхэн, соёлтой, аюулгүй үйлчилгээ, орчинг л шаардаж байна. Дата мэдээллийн бааз дээр тулгуурлан хамгийн их түгжрэл, хөдөлгөөнтэй замуудыг сааруулах, эрчмийг нь сайжруулах ажлыг хотын захиргаанаас шийдвэр гаргаж, хийж гүйцэтгэдэг. Энэ тал дээр Нийслэлээс ажилламаар байна. Манай үүрэг хариуцлага, хотоос бодож байгаа үүрэг хариуцлага хоорондоо зөрөөд байгаа асуудал байна.

 Танай компани ашиггүй ажилласан гэсэн мэдээлэл байсан ?

Г.Батзориг: Тийм ээ. Өнгөрсөн жилүүдэд ашиггүй ажилласан.  Ойрын жилүүдэд нааштай болно гэсэн хүлээлттэй байгаа. Энд нэг зүйлийг онцгойлон тайлбарлах бас ойлголцох зүйл байдаг. Төслийн анхан шатны тооцоолол өөрөөр хэлбэл төслийн эдийн засгийн үндэслэлийг 5 жилээр хийж боловсруулах шатанд Нийслэлээс гаргаж өгсөн судалгаа, тооцоолол бодит биш байсан юм билээ. Өөрөөр хэлбэл хэт өндөр тавьсан байсан. Жишээ нь жилд 205 сая 819 мянган удаагийн төлбөртэй зорчилт хийгдэнэ гэсэн мэдээлэл өгсөн бол энэ нь бодит байдал дээр 127 – 139 мянга орчим зорчилт хийгдсэн. Ийм их зөрүүтэй, эрс багассан тоон үзүүлэлт байсан. Анхнаасаа төлөвлөсөн орлогоосоо хэт бага орлого олж байгаа учраас төсөвт ашигтай харьцуулахад алдагдалтай ажиллаж байгаа юм.

Бэлнээр төлсөн мөнгийг нийтийн тээврийн хөгжилд зарцуулдаггүй 

Өмнө нь кондукторуудын гараар хураагдаж цуглардаг байсан мөнгийг цахим болгосноор орлого өссөн гэж мэдээлж байсан?

Г.Батзориг: Уг төсөл хэрэгжиж эхэлснээс хойш олон эерэг зүйлс бий болсон. Санхүүгийн тогтолцооны хувьд бол төслөөс шалтгаалсан, шалтгаалаагүй өөрчлөлтүүд байдаг юм. Нэгдүгээрт, шугамын орлого буюу мөнгөө төлж автобусанд суудаг иргэдээс цуглуулдаг мөнгөний тухайд жилдээ 3 – 7 тэрбум төгрөгөөр өсгөсөн. Хоёрдугаарт нөхөн олговор буюу тодорхой хуулиудын дагуу нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан, хүндэт донор гэх мэт хүмүүсийн зорчилтод зориулж нийслэлийн төсвөөс олгодог байсан мөнгийг зорчигчдын бодит тоон дээр суурилан тооцоолж эхэлснээрээ жилдээ 20 орчим тэрбум төгрөгийг хэмнэж чадсан юм. Гуравдугаар төсвөөр нөхөн олговороор нийтийн тээврийн аж ахуй нэгжүүдэд олгодог мөнгө эрс буурснаар нөгөө талдаа аж ахуй нэгж байгууллагууд орлого эрс буурч зардлаа төлж чадахгүй нөхцөл байдалд орсон бөгөөд Нийслэлийн иргэдийн хурлаас холбогдох шийдвэрийг гаргаж нийтийн тээврийн автобуснуудыг ажилласан цагаар нь тооцоолж орлого зардлын зөрүүг нь нийслэлийн төсвөөс нэмж олгож эхэлсэн юм. Энэ нь нэг талаараа нийтийн тээврийн автобуснууд хүний төлөө уралдаж шахалдах осол аваар гаргах асуудал эрс буурсан бөгөөд үйлчилгээ тогтворжих чухал нөлөөтэй ажил юм. Иргэддээ уриалахад таны жолоочид бэлнээр өгсөн мөнгө нь нийтийн тээврийн хөгжилд зарцуулагдахгүй бөгөөд таны бэлэн төлсөн төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр буюу нийслэлийн төсвөөс аж ахуйн нэгжүүдэд дахин олгогддог болохыг анхаарч “Картаа цэнэглүүлж хэвшин зориулалтын дагуу төлбөрөө төлж зорчино уу” гэж уриалмаар байна.

Саяхан БНСУ-ын Ерөнхий сайд манай орон хийсэн айлчлалынхаа үеэр танай байгууллагаар зочилсон байсан. Энэ нь танай үйл ажиллагаа хоёр орны түвшинд хүлээн зөвшөөрөгдсөний нэг илрэл юм болов уу гэж харж байна?

Шин Дун Ү: Бид хоёр улсын хамтын ажиллагааг нэг шатаар ахиулахад өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаад бахархалтай байдаг. Миний өмнө хэлсэнчлэн Монгол Улсад хөрөнгө оруулахад нөлөөлсөн нэг хүчин зүйл бол яалт ч үгүй хоёр орон, хоёр хотын хамтын ажиллагаа байсан. БНСУ-ын ерөнхий сайд Ли Наг Ён ч бас айлчлалынхаа үеэр энэ талаар сануулж, амжилт хүсч байсан. Цаашид ч хоёр орны хамтын ажиллагаа илүү өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Бидний үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилладаг маш олон төрийн болоод төрийн бус байгууллагууд, удирдлагууд байдаг. Хамгийн гол нь иргэд, зорчигчид ухаалаг системийг хүлээн зөвшөөрч, өдөр тутмын амьдралдаа саадгүй хэвшил болгож чадсанд нь бид их баяртай байдаг. Цаг хугацаа бүгдийг харуулна.

Манай компани эрхэм зорилгынхоо хүрээнд нийтийн тээврийн амар,  хялбар хэрэглээг бий болгохын төлөө, цаашид картын төлбөр төлөх боломжууд, цэнэглэлтийн үйлчилгээг илүү боловсронгуй болгох тал дээр илүү анхаарч ажиллах болно. Мөн Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн засаг даргын тамгын газраас хийж хэрэгжүүлэх Улаанбаатар хотыг Цахим хот болгох тал дээр өөрсдийн хүч, зүтгэлээ зориулах болно.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
602368
8 эможи

Unen
2019-04-17 16:19
Solongos hyatad haana ch gsn kartaar zorchood bolood bhd manaihan huviin zohion baiguulalttai bmaar yum. Martaad bdgim bol nfc sim card avchaach. Hereglehed hyalbar, utsaa mash hovor tohioldold l martah bh.
Zorchigch
2019-04-17 16:17
Tiim shuudeee. Belen mungu huraahaa bolisnoos hoish tatvar tulugch bidnii mungiig aj ahui negjid nuhun olgovor helbereer olgood ehleheer jolooch nar kartaa darahgui bsn ch toohgui, belen mungiig n durtai karmaalaad l yavdag bolson. Irged bid l uhamsartai baij ulsiinhaa neg ch gsn salbariin hugjild huvi nemree oruulah yumsandaa
Тархины тураал
2019-04-17 16:07
Төр засаг ашиг хонжоо хараагүй. Эсэргээрээ их хэмжээний мөнгө чиний бэлэн мөнгө өгдөг найзуудаас чинь болж тэр мөнгийг чинь төсвөөс гаргаад өгөөд байгаамшдээ. Зочин гэсэн нэртэй аалзаа
Үнэхээр л бодмоор
2019-04-17 16:04
Иргэддээ уриалахад таны жолоочид бэлнээр өгсөн мөнгө нь нийтийн тээврийн хөгжилд зарцуулагдахгүй бөгөөд таны бэлэн төлсөн төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр буюу нийслэлийн төсвөөс аж ахуйн нэгжүүдэд дахин олгогддог болохыг анхаарч “Картаа цэнэглүүлж хэвшин зориулалтын дагуу төлбөрөө төлж зорчино уу” гэж уриалмаар байна.
ҮНЭН шүү. Картаараа л зорчих хэрэгтэй
2019-04-17 16:03
Иргэддээ уриалахад таны жолоочид бэлнээр өгсөн мөнгө нь нийтийн тээврийн хөгжилд зарцуулагдахгүй бөгөөд таны бэлэн төлсөн төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр буюу нийслэлийн төсвөөс аж ахуйн нэгжүүдэд дахин олгогддог болохыг анхаарч “Картаа цэнэглүүлж хэвшин зориулалтын дагуу төлбөрөө төлж зорчино уу” гэж уриалмаар байна.
Зочин
2019-04-17 13:48
Zasag tur ashig honjoo het haihaa bolimoor yum
keyboard_arrow_up