С.Амарсайхан У.Хүрэлсүхийн төлөвлөгөөг үгүй хийж мэдэх нь

2019 оны 4 сарын 16

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

УИХ-ын ээлжит буюу 2020 оны сонгуулийн санал хураалт нэг жил гаруйхны дараа болох гэж байна.

Сөрөг хүчин Ардчилсан Намын хувьд ирэх жилийн  УИХ-ын сонгуульд оролцох чиг шугам нь тодорхой болоогүйн дээр үндсэндээ хоёр хуваагдах нь тодорхой болоод байна.

Мэдээж Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулах шинэ нам УИХ-ын 2020 оны сонгуульд төдийлэн амжилт олохгүй.

Гэхдээ л сонгогчдын АН-д өгөх саналаас хуваах нь тодорхой. Хэрэв Монгол Улсын Ерөнхий Сайд асан Н.Алтанхуяг намаасаа нэгмөсөн гарч, "Нэгдмэл Монгол" намаа байгуулбал АН-ын байдал улам ч хэцүү болно.

Харин Монгол Ардын Намын хувьд УИХ-ын 2020 оны сонгуульд хэрхэн оролцох нь үндсэндээ тодорхой болоод байна.

Тэд УИХ-ын 2008 оны сонгуульд МАН-ын оролцож байсан  "шинэчлэгч лидер ба түүний багийнхан" гэсэн байрлал бүхий хувилбарыг давтана. 

Бүр тодруулбал шударга ёсны төлөө тэмцэгч У.Хүрэлсүхийн улс оронд сахилга хариуцлага тогтоон, Монголын баялгийг эзэмшиж буй цөөн тооны гэр бүл, олигархиудтай хийж буй тэмцлийг үргэлжлүүлье гэх уур амьсгалыг буй болгон, үүний тулд түүний багийг буюу УИХ-ын 2020 оны сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийг дэмжицгээе гэж уриална.

Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагаа ч ийм л стратегид чиглэж буйг "Эрдэнэт"-ийн 49 хувиас эхлээд олон жишээгээр бид харж байна.

Мэдээж зарчмын хувьд зөв тул энэ нь иргэдэд таалагдана.

Харин Монгол Ардын Намын Удирдах зөвлөл ба МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан стратегийн нэг том алдаа хийснийг сүүлийн хэдхэн хоногт өрнөж буй үйл явдлууд харуулж байна.

Энэ нь Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар "Оюуны Ундраа" группийн хувь нийлүүлэгчдийн нэг Сайнбуянгийн Амарсайханыг  зүтгүүлэн байж, НИТХ-ын хуралдаанаар томилсон явдал.

Учир нь Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн баримталж буй зарчмын байр суурийн яг эсрэг талын дүр нь билээ.

Тухайлбал, нэгдүгээрт С.Амарсайхан МАНАН буюу нам дамнасан гэр бүлийн төлөөлөл. Түүний төрсөн ах С.Отгонбаяр нь  АН-ын лидерүүдийн нэг.

Хоёрдугаарт. С.Амарсайхан нь яахын аргагүй улс төр, бизнесийн хослол бүхий нэгэн буюу улс төрийн шинжлэх ухааны хэллэгээр бол олигархи гэсэн категорит хамаарна. Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн тэмцэнэ гэдгээ зарласан "30 гэр бүлийн нэг" гэж дүгнэх хүмүүс ч цөөнгүй.

Гуравдугаарт. Шөнийн клубээс эхлээд Нийслэл Улаанбаатар хотын тусгай хамгаалалт бүхий бүсүүдэд байшин барилга барьсан, барьж буй, илтэд ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн.

"Гэрэлт гудамж" төслийг зогсоох С.Амарсайханы яриатай  зэрэгцээд л түүний эзэмшлийн "Zaisan Hill" цогцолборт Монголын хамгийн том задгай талбай бүхий уушийн газар нээгдэх зар гарч байгаа нь ердийн л нэг жишээ.

Иргэд ч үүнийг маш сайн мэдэж байгаа гэдгийг олон нийтийн сүлжээн дэхь дургүйцэл, Туулын бургас сүйдэлж буйг эсэргүүцэн, одоо ч үргэлжилж буй жагсаал, цуглаан нотолж буй юм.

Тэднийг компанийхаа хамгаалалтын албаныхныг барилгын эзэн болгох гэнэн жүжгээр хуурч чадахгүй нь тодорхой.

Учир нь "Зайсан скуэр", "Зайсан хилл", "Peace Bridge" зочид буудлын болон Туулын хөвөөнд баригдаж буй шинэ барилгын ард С.Амарсайханы ах дүүс гэр бүлийнхэн байдгийг иргэд сайн мэднэ.

Иймээс ч С.Амарсайхан Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд  У.Хүрэлсүхийн төлөвлөгөөг үгүй хийж мэдэх юм.

Өөрөөр хэлбэл УИХ-ын 2020 оны сонгуульд Монгол Ардын Намын хамгийн эмзэг бөгөөд сул цэг нь Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болох нь тодорхой болоод байна.

Гэтэл нийслэл Улаанбаатар хот бол хамгийн олон сонгогчтой, хамгийн чухал бүс юм.

Байдал энэ хэвээр байвал 2020 онд Улаанбаатарын сонгогчид Монгол Улсын Ерөнхий Сайд, Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүхээс ярьж буй шударга ёсыг тогтоож, сахилга хариуцлагыг дээшлүүлэн, олигархиудтай хийх тэмцлээ яагаад С.Амарсайхан дээр мартсан бэ? гэдгийг асуух биз ээ.

Нийслэлийн сонгогчид л УИХ-ын сонгуулийн дүнг шийддэг болсныг МАН-ын удирдлагууд мэддэг л байгаа даа?

 

Х.Зандраа

SONIN.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
602317
1 эможи

zochin
2019-04-18 10:48
Battulgiin hud gesen bizdee shine manan bolloo doo
Zochin
2019-04-16 23:34
Amarsaihan uul ni yalagdsan baisiindaa
zochin
2019-04-16 21:50
хүрэлсүх бол зүгээр л сүржин тэнэг хий хоосон мохоо муна
keyboard_arrow_up