Мээр Амарсайханы хэцүү, муухай фактууд
“Намын бөхийн бөгс шороотой”
МАН албан бус хоёр фракцтай болоод удаж буй. Тэр нь 60 тэрбумынхан хийгээд ЖДҮ-гийнхэн. Нийслэлийн Засаг даргаар сонгогдоод сар гаруй болж буй С.Амарсайхан бол ЖДҮ фракцынх. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарын багийн хүн. Тиймээс У.Хүрэлсүх мээр С.Батболдыг өргөдлийг нь өгүүлэнгүүтээ С.Амарсайханыг түүний оронд албан тушаалын шатрын өрөг дээр шалдан ноён шиг түлхсэн юм. САмарбаясгалан ч хотын дарга болох дуртай, бүр асар их сонирхолтой байсан. Түүнээс биш өөрөө НИТХ-ын дарга байж нийслэлийн Засаг даргын албан тушаалд нэрээ дэвшүүлнэ гэдэг зохисгүй л үйлдэл. Жишээлбэл, Ерөнхий сайд огцорсон тохиолдолд, “энэ боломжийг ашиглаад” УИХ-ын дарга өөрийнхөө нэрийг дэвшүүлсэнтэй яг адилхан. Ийм тохиолдолд хууль тогтоох засаглалыг тэргүүлж буй хүн гүйцэтгэх засаглалын тэргүүн болох гэж зүтгэх нь олон нийтэд мэдээж хардлага төрүүлнэ. НИТХ-ын дарга нь зүтгэсээр байгаад, хоёр ч удаа нэрээ дэвшүүлэн, намынхаа төлөөлөгчдийг хайрцаглан барин байж нийслэлийн Засаг дарга болж байгаа нь дээрхээс зарчмын хувьд ямар ч ялгаагүй юм. С.Амарсайхан энэ үйлдлээрээ нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хийгээд засаг захиргааны байгууллагын түүхэнд тун муу жишиг тогтоосон. Энэ нь түүний нэг том алдаа гэж болно. Цаашид аливаа шатны ИТХ-ыг удирдаж байгаа хүн тухайн шатныхаа Засаг дарга болох гэж зүтгэдэг, өөрөөр хэлбэл эрх мэдэл, албан тушаалын өндөрлөгөөр суудал сэнтий сэлгэн зугаалдаг муу жишиг тогтох вий гэсэн эмзэглэл, болгоомжлол төрж байна. Ямар ч л байсан нийслэлийн 1.5 сая иргэний эрх ашгийг хамгаалж, тэдний төлөө шийдвэр гаргахад ашигла гэж өгсөн модон алхыг С.Амарсайхан өөрийгөө Засаг дарга болгохын төлөө тогшсон нь ёс зүйн хувьд ч гэсэн тиймхэн л хүний үйлдэл.
Тэр тусмаа НИТХ дээрээ эхний санал асуулгад өвдөг шороодож, засуулаараа дэмнүүлэн барин байж туг тойрсон нь шившигтэй. Жаахан ичих нүүртэй хүн бол хэзээ ч ингэж хөөгөө хутгахгүй л дээ, уг нь. Бөгс шороотой бөхийн засуул нь МАН-ын генсек Д.Амарбаясгалан. Нийслэлийн иргэд өөрсдийнхөө элч зардас болгон сонгосон НИТХ-ын төлөөлөгчдийн хуралдаан дээр хотын мээрт нэр дэвшигчдийн санал хураалт болох гэж байхад намын бодлогоор ноёны бөхийг түрүүлүүлнэ гэж ил цагаан зарлуулж чадсан л засуул даа.
Ингэж хэлж чадсан улс хүссэн албан тушаалдаа очицгоогоод байгаа ч тэднийг нийслэлийн иргэдийн төлөө ажиллана гэдэгт итгэх аргагүй. Төлөөллийн ардчиллын амин сүнс болсон алтан зарчмыг уландаа гишгэж, намын шийдвэр, захирамжаар далайлгаж байгаа нь МАН 70 жил бугшсан үзэл суртал, коммунист арга барилаасаа огт салж чадаагүй байгаагийн илрэл.
Засаг даргын заль
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан энэ долоо хоногийн ажлын эхний өдөр орлогч нараа сольж холив. Түүний хувьд мээр болсноосоо хойш хийсэн ганц ажил нь энэ болов бололтой. Уг нь нийслэлийн Засаг дарга гэдэг бол иймээ тиймээ улс төр, нам бүлэг, фракц гэж явахаасаа илүү цэвэр аж ахуйн ажил хийх ёстой албан тушаал. Харин С.Амарсайхан мээрийн хувьд энэ үндсэн ажлаа хийхийн оронд улс төрийн өнгө аястай шийдвэрүүд л гаргаад унах юм бол мордохын хазгай болж мэднэ.
Ямар ч байсан тэрээр орлогч нараа солихын тулд нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон агентлагуудынхаа бүтцийг Засгийн газрыг хуралдаанаар батлуулжээ. Уг нь Засаг дарга огцрох бүрт, тэр бүү хэл орон нутгийн ээлжит сонгууль болсны дараа ч гэсэн заавал Тамгын газар, агентлагуудаараа оролдоод байх шаардлагагүй л дээ. Төрийн албаны тогтвортой байдал, мерит зарчим гэж яриад байгаа нь үүнийг хэлдэг бололтой байдаг.
С.Амарсайхан Засаг дарга Засгийн газраар бүтцээ батлуулахдаа өмнөх Засаг дарга хоёр үндсэн орлогч, засаг даргын орлогчийн түвшинд ажиллах хоёр төслийн удирдагч гээд нийт дөрвөн орлогчтой ажиллаж байсныг өөрчлөн үндсэн хоёр орлогчоос гадна дөрвөн төслийн удирдагч, нийт зургаан орлогчтой ажиллахаар болжээ. Энэ бол нэг талаар хууль зөрчсөн заль, нөгөө талаар төрийн албыг улам данхайлгаж байгаа нэг хэлбэр юм.
Нийслэлийн Засаг даргын орон тооны хоёр орлогчоор Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа нар томилогдсон бол орон тооны бус, албан бус орлогч буюу төслийн удирдагчдаар М.Халиунбат, О.Мөнгөншагай, Б.Отгонсүх, Д.Мөнхжаргал нарыг томилжээ. Энэ олон төслийн удирдагч нар ямар үүрэг ач холбогдолтойг мэдэхгүй. Засаг даргын орлогчийн түвшинд ажиллах эрх мэдэл, цалин хангамжтай олон “оффшор” орлогч нар бол ажил хийх гэхээсээ илүү ажил хорлогч болох нь их л болов уу.
Мээр С.Амарсайханы батлуулсан бүтэц, орон тоог нийтээр нь харахад орлогч нарынхаа эрхлэх чиг үүргийг хооронд нь хольж, сольж байгаад хоёр орлогчийн орон тоог шинээр нэмснээс гадна агентлагуудынхаа заримыг нэгтгэж байгаа мэт харагдавч хэрэг дээрээ тоо нь нэмэгдсэн нь харагдаж байна. Үүнийг нийслэлийн Засаг даргын заль гэхээс өөр аргагүй.
Хонь бүрэн, чоно цатгалан гэдэг шиг хотын удирдах албан тушаалтнуудын орон тоо нэмэгдэж, агентлагийн дарга нар ч нэмэгдэх ийм бүтцээр С.Амарсайхан ирэх жил гаруйн хугацаанд ажиллах нь.
Нийслэлийн Засаг дарга уг нь нэг орлогчтойгоор үйл ажиллагаа явуулдаг байсан нь эдүгээ зургаа болтлоо нэмэгдсэн нь ердөө л албан тушаалын бялуу хуваалт, ашиг сонирхлын илрэл. Уг нь хуулиараа бол хоёр орлогчтой байх ёстой. Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30.1.2-т аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх тухай заалт бий. 2012 оноос хойш нийслэлийн Засаг даргын хоёр орлогчоос гадна төсөл хөтөлбөрүүдийн удирдагч гэдэг албан тушаалыг хотын орлогчийн түвшинд гаргаж ирснээр хэдэн ч орлогч томилох боломжтой болсон юм. С.Амарсайхан энэ боломжийг овжин ашиглаж хойтон жилийн сонгууль хүртэлх богинохон хугацаанд зургаан орлогчтойгоор ажиллахаар болсон байна.
“Газрын наймаачин”
Сөрөг хүчнийхэн нь төдийгүй ЖДҮ-гийнхэн буюу МАН дахь эрх мэдлийг атгаж буй өнөөгийн удирдлагууд УИХ-ын гишүүн М.Энхболдыг газрын наймаачин гэж цоллодог. Тэгвэл өнөөгийн мээр С.Амарсайхан ч М.Энхболдоосоо дутахгүй газрын наймаачин байж мэдэх юм. Тийм мэдээллүүд хэвлэлээр олонтоо гарч байсан тул ийн хэлэв. С.Амарсайхан төрийн албанд ажиллахаасаа өмнө “Оюуны ундраа” группыг удирдаж байсан. “Оюуны ундраа” групп Богд уулын дархан цаазат бүсэд олон га газар авч, барилга, обьектууд барьсан гэх юм билээ. Үүнийг баримт түшин өгүүлье.
Тухайлбал www.grandnews.mn сайтад “Зайсан соёл амралтын цогцолбор” хэмээх томоос том хаяг тавьсан уг барилга 7 давхар байх бөгөөд захиалагч нь “Софттрейд” ХХК бол гүйцэтгэгч нь “Зуншин” хэмээх Хятадын компани. Захиалагч тал болох “Софттрейд” компанийн эзэн нь “Оюуны Ундраа”-гийн С.Отгонбаярын дүү С.Ганбат хэмээх нууц ноёнтон. Хотын А зэрэглэлийн бүсэд хаа сайгүй обьекттой ах дүүс энэ удаад Зайсанг зайдлахаар зориг шулуудсан нь тун ч том ар талтайнх бизээ.
Ах дүү “Оюун ундраа”-гийн С.Отгонбаяр, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоогийн нөхөр С.Амарсайхан хоёрын арын албыг бат найдвартай авч ирсэн С.Ганбат ноёнтны тухайд хөшигний ард амьдардаг манай нууцлаг баячуудын нэг бөгөөд хэзээнээсээ 4 давхар хаус, филиппин гэрийн үйлчлэгчээрээ дээдсийн хүрээнд жишиг тогтоосон нэгэн гэдэг. Ийн “Оюуны Ундраа”-гийн ахан дүүс онгон дагшин байгаль дэлхийгээ ухаж сэндийчиж байгаагийн нэг илрэл болж соёл амралтын цогцолбор хэмээх нэрээр халхавч хийн үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барьж байна хэмээн бичжээ. Иймэрхүү мэдээллийг цахим орчноос төвөггүй олж болно. “Зайсан сквиэр”, “Зайсан хилл” гээд “Оюуны ундраа” групптэй холбоотой, өөрөөр хэлбэл өнөөгийн нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы хамаарал бүхий обьектуудын талаар хэвлэлийнхэн олон жилийн өмнөөс бичиж, шүүмжилж ирсэн. Баримт гэвэл www.dardas.mn сайтын мэдээлэл байна. Уг сайтад,
“С.Амарсайхан дарга Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутаг, Зайсангийн аманд байрлалтай 4.41 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмших эрхийг ердөө 17.463.600 төгрөгөөр авсан байдаг. Тэгэхэд С.Амарсайхан даргын гэр бүл хотын А зэрэглэлд багтах, иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай, баячуудын хамгийн ихээр амьдардаг Зайсангийн аманд байрлах газрыг тухайн үеийн зах зээлийн үнэлгээнээс 33 дахин бага үнээр буюу 0.07 га талбайтай гэр хорооллын газрын үнээс ч хямдхан авсан байгаа нь хардлага төрүүлж байгаа юм.
“Собттрейд” ХХК-ийн хэтэрхий хямд үнээр худалдан авсан газар ганц үүгээр хязгаарлагдсангүй. 2012 оны хоёрдугаар сард мөн л Зайсан толгойн ард байрлах 1.5 га газрын нэг мкв тутмыг нь тухайн үеийн зах зээлийн үнэлгээнээс 10 дахин хямд буюу 1320 төгрөгөөр, нийтдээ 19.8 сая төгрөгөөр дахин худалдаж авчээ. Гэвч Улсын тусгай хамгаалалттай бүсэд хямд үнээр худалдан авсан газар нь маргаан дагуулсантай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар эзэмших эрхийг нь цуцалсан боловч удалгүй буцаан сэргээжээ.
“Собт Трейд” ХХК нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Цагдаагийн гудамж, “Оюуны ундраа” группын байранд байрладаг бөгөөд тус компанийн Зайсангийн аманд эзэмшиж буй газрын төлбөрийг ямагт “Оюуны ундраа” групп төлсөөр ирсэн байдаг аж. Тухайлбал, “Собт Трейд” ХХК-ийн Зайсанд эзэмшдэг газрын 2017 оны төлбөр болох 23.406 сая төгрөгийг “Оюуны Ундраа” групп өмнөөс нь дөрвөн удаагийн гүйлгээгээр төлсөн байгаагаас үзвэл “Оюуны Ундраа” групп болон “Собт Трейд” ХХК нарыг хоорондоо харилцан хамааралгүй гэж үзэх үндэсгүй байна” хэмээн бичжээ.
Хотын мээртэй холбоотой газрын маргаан, зөрчил үүгээр дуусахгүй. Хамгийн сүүлийн үеийн халуун мэдээ гэвэл нийслэлийн Засаг дарга Туул голын эрэг дагуу газар шорооны ажил эхлүүлсэн “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн барилгын үйл ажиллагааг зогсоохыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын удирдлагуудад үүрэг болгосон. Энэ нь сайндаа ч биш хэвлэл мэдээллийнхэн болон олон нийтийн сүлжээнд өрнөсөн шүүмжлэлтэй холбоотой. Тодруулбал, Туул голын эргийн бургасыг хядан орон сууц, хаусны барилга барьж эхэлсэнд олон нийт дургүйцэн, эсэргүүцэл илэрхийлж байгаагаас арга буюу ийм шийдвэр гаргасан юм. Уг “Зүүнбаян рефайнери” ХХК нь хотын дарга С.Амарсайхантай хамаарал бүхий гэдгийг хэвлэлүүд онцолсоор байгаа юм. Богдхан уулын дархан цаазат газрын Бага тэнгэрийн амны хязгаарлалтын бүсэд газар ашиглагч “Зүүнбаян рефайнери” ХХК нь Байгаль орчны сайдын 2008 оны наймдугаар сарын 22-ны өдрийн тушаалаар 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар эрх авч, газар ашиглах гурвалсан гэрээг мөн оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан байна. Эрх авч, гэрээ байгуулсны дараа зөөврийн сууц байрлуулан, хамгаалалтын хашаа барьжээ.
“Зүүнбаян рефайнери” ХХК-ийн талбайн хэмжээ хэтрүүлсэн, ДЦГ-ын нийтлэг горим зөрчсөн, байгаль орчныг сүйтгэж, унаган төрхийг алдагдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, газар ашиглах эрхийг дуусгавар болгох шаардлагатай гэж үзэн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тушаал гарган тус компанийн лицензийг цуцалж байв.
“Зүүн баян рефайнери” компани нь 2006 онд зочид буудал, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдсан. Улсын бүртгэлийн дугаар –9011041039, регистрийн дугаар – 2637634. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 120 мянгат дахь “Пийс бридж” зочид буудлын байранд байрладаг, 343128, 341894 дугаарын утастай гэж бүртгүүлсэн. Тус компани 2006, 2007 онд ААНБ-ын тооллогод хамрагдаж байжээ.
Компанийн захирал У.Ундармаа, дараа нь У.Уламбаяр нар юм. У.Уламбаяр болон “Оюуны ундраа групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Отгонбаяр (УИХ-ын гишүүн асан), С.Амарсайхан (Ерөнхий захирал асан, одоо нийслэлийн Засаг дарга) нар ах дүүс юм байна. Ямар ч байсан нийслэлийн шинэ Засаг дарга С.Амарсайхан албаа аваад сар гаруй болов уу үгүй юу хэцүү, муухай асуудалд нэр холбогдов. Тэрээр Засгийн газраар Тамгын газар болон харьяа агентлагуудынхаа бүтцийг батлуулсан тул одоо агентлагуудын дарга нарыг бүгдийг нь солино гэж байгаа гэсэн мэдээлэл ч байна. Хэрвээ үнэн бол ЖДҮ-гийнхний шүүмжлээд байдаг төрийн албыг үнэлж наймаалцсан 60 тэрбумын сүлжээний луйвар С.Амарсайханы үед нийслэл дээр бодитоор хэрэгжих биз ээ. Угаасаа л улстөрчид бүгдээрээ л адилхан гахайнууд гэдгийг санахад илүүдэх юун.
МАН засгийн эрх барьж байгаа давуу байдлаа ашиглан бүхий л шатандаа ирэх жил болох сонгуулийн мөнгийг босгох чиглэл өгсөн гэдэг мэдээлэл бий. Хотын дарга ч ийм үүрэг авсан байх магадлалтай. Ард түмэнд буй ганц зэвсэг нь хардах эрх. Мээр С.Амарсайхан хэцүү, муухай үйл хийх вий гэж хардах эрхтэй, бид. Хардах үндэслэл нь хангалттай байгаа учраас тэр.
Г.Ууганбаяр
Эх сурвалж: “АРДЧИЛАЛ ТАЙМС” сонин