Зайсангийн ам орчмын 500 га газрыг ТУСГАЙ ХАМГААЛАЛТААС гаргана
Зайсанг тусгай хамгаалалтаас гаргах Засгийн газрын тогтоол гарсан. Одоо нүхт, яармагаас эхлээд Богд уулыг тусгай хамгаалалтаас гаргаж, суурьшлын бүс болгох бичиг баримтыг Засгийн газарт өргөн барьсан гэдэг мэдээлэлд олон нийтийн сүлжээнд гараад байгаа.
Тэгвэл энэ асуудлаар БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Э.Сансарбаяр хэлэхдээ "Богдхан Уул бол хамгийн анхны дархан цаазат уул. Тиймээс улсын тусгай хамгаалалтаас гаргаж, суурьшлын бүс болгоно гэсэн асуудал байхгүйг албан ёсоор хэлье. Харин тусгай хамгаалалтад байдаг ч суурьшлын бүс мэт болчихсон Зайсан орчмыг тусгай хамгаалалтаас гаргаж, суурьшлын бүс болгон Нийслэлийн Захирагчид хариуцуулах саналыг Засгийн газрын хуралдаанаас гаргаж, тэмдэглэл гаргасан." гэлээ.
Засгийн газрын тэмдэглэлийн дагуу БОАЖ-ын сайд тушаал гарган, төрийн захиргааны байгууллагуудын төлөөллийг оролцуулан, БОАЖ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн өгсөн чиглэлийн дагуу Зайсангийн амны нэгдсэн зураглалыг гаргасан байна.
Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн Зайсангийн амны дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний дэд бүтэцийн төлөвлөлтийн зурагт үндэслэн Зайсангийн амны орц, гарцын мэдээллийг нэгтгэсэн гэсэн мэдээлэл өглөө.
Судалгааны үндсэн дээр Зайсангийн ам орчмын 500 га газар одоогийн байдлаар суурьшлын бүс болчихсон байгааг тогтоосон байна. Тиймээс ийм хэмжээний газрыг улсын тусгай хамгаалалтаас гаргахаар бичиг баримт боловсруулан холбогдох байгууллагуудад нь танилцуулахаар ажиллаж байгаа аж.