ОХУ-д Монгол Улсаа сурталчиллаа

2019 оны 4 сарын 03

Arslan.mn

ОХУ-ын Эрхүү хотод 2019 оны гуравдугаар сарын 28-30-нд Зүүн Сибирийн аялал жуулчлалын салбарын гол арга хэмжээний нэг “Байкалтур” олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдлаа.

Тус үзэсгэлэнд Монгол Улсаа сурталчлах зорилгоор гурав дахь жилдээ БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, УБТЗ ХНН, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, UBS телевиз болон Алекс тур, Барбарис тур, Грэйт Си тур, Далай тур, Дискавэр Монголия, Легенд Хубсугул, Лэтс трэйвэл, Саян радиан, Холидэй трэйвэл, Хөвсгөл мон трэйвэл компаниуд оролцсон байна.

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой байгуулагдсан “Цайны зам”-ын олон улсын холбооны гишүүдийн ээлжит хурал “Байкалтур” үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдлаа. Хурлын үеэр энэ онд хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов. Тухайлбал гурван улс дамнасан “Талын салхи” мото наадмыг зохион байгуулах мөн аяллын нэвтрүүлэг бэлтгэх, Монгол Улсаас шинэ гишүүн элсүүлэх зэрэг ажлууд байв.

Тус арга хэмжээний үеэр Хөвсгөл аймаг болон Эрхүү муж хоорондын найрамдалт харилцааг дэмжих, бэхжүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар Эрхүү мужийн Аялал жуулчлалын агентлагтай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Мөн хурлын үеэр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Аялал жуулчлалын яамны сайд М.Б.Бадмацыренова Ханх-Мондын боомтыг 2022 онд олон улсын боомт болгоно хэмээн мэдэгдлээ. Хөвсгөл нуурын хойд эргийг эмжин байрлах ОХУ-тай хил залгаа орших Ханх сумын тус боомтоор жилд давхардсан тоогоор 30 мянга гаруй хүн нэвтэрдэг бөгөөд 10 гаруй мянга нь ОХУ-ын жуулчид байдаг байна. Тус боомтоор гуравдагч орны иргэд нэвтрэх боломжгүй байдаг. Харин олон улсын боомт болсноор хил дагуу орших байгалийн үзэсгэлэнт тогтоцтой тус сум нь аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжих боломжтой.

Хоёр улсын иргэд 2014 оноос хойш харилцан визгүй зорчих болсонтой холбоотойгоор ОХУ-ын Москва, Эрхүү, Улаан-Үд хот луу тогтмол шууд нислэг, галт тэрэг болон авто тээврийн хэрэгслээр зорчих урсгал ихэссэн нь жуулчдын тооны өсөлтөд эерэгээр нөлөөлж байна. Сүүлийн 3 жил буюу 2016 онд 84 мянга, 2017 онд 106 мянга, 2018 онд 129 мянган жуулчин ОХУ-аас Монгол Улс руу зорчсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601850
0 эможи

keyboard_arrow_up