Орон сууцны тухай хуулийн төсөлд иргэдийн САНАЛ-ыг авч байна
Засгийн газраас Орон сууцны тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Барилга хот байгуулалтын яам вэб сайтаараа дамжуулан дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн тавдугаар сарын 10-ныг хүртэл иргэдийн саналыг авч байна.
Монгол Улсын хэмжээнд 2018 оны есдүгээр сарын 25-ны мэдээгээр 829.849 өрх байгаагаас 27.7 хувь нь буюу 246.512 өрх инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд, 45 хувь нь гэрт, 0.5 хувь буюу 4599 өрх орон сууцанд амьдарч байна.
Иргэдийн орон сууц худалдан авах хэрэгцээ их байгаа ч зах зээлд борлуулагдаж буй орон сууцны үнэ өндөр, иргэдийн орлого болон төлбөрийн чадварт нийцэхгүй байгаа юм. Ирэх 5 жилд Улаанбаатар хотын хэмжээнд 216.913 өрх орон сууц худалдан авах хэрэгцээтэй байгаагаас 71798 өрх ипотекийн зээлээр орон сууц худалдан авах хүсэлтээ банкинд ирүүлжээ. Үүнээс 35497 өрх буюу 16.3 хувь нь зээлийн шаардлага хангасан байна.
Иймд зах зээлийн өнөөгийн нөхцөл шаардлагад нийцүүлэн 20 жилийн өмнө батлагдсан Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болжээ. Хуулийн төсөлд:
Энэ хууль нь орон сууцыг төлөвлөх, өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд орсон хувь хүн, байгууллага бүрт хамаатай юм. Инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцаар иргэдийг хангах төрийн бодлогын хүрээнд "Зорилтот бүлгийн иргэдийг хямд, чанартай орон сууцаар хангах, Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх зэрэг асуудлыг хуулийн төсөлд тусгажээ.
Мөн өнөөгийн хуулийн зохицуулалтаар орон сууцны ашиглалтыг СӨХ, инженерийн шугам сүлжээтэй холбоотой асуудлыг Орон сууцны контор хариуцдаг. Орон сууцны ашиглалтыг Сууц өмчлөгчдийн холбоо хариуцаж, ашиглалттай холбоотой үйлчилгээтэй зардлыг оршин суугч иргэд дундаасаа хариуцдаг нь маш их хэл ам дагуулдаг. Иргэд СӨХ-ийн хуралдаа суудаггүй, СӨХ-ны дарга төлбөр хураамж тогтоож, хяналтгүйгээр захиран зарцуулдгийг энэ хуулийн зохицуулалтаар боловсронгуй болгохоор төлөвлөжээ.
Иргэд уг хуулийн төсөлтэй танилцах болон саналаа өгөх боломжтой бөгөөд санал өгөх бол ЭНД дарна уу.