АНХААР: “Эко Констракшн“-ны болон “СКАЙ РЕЗИДЕНС“ 1,2 орон сууцуудад захиалга өгөхдөө шалгана уу
С.Нямдаваа захиралтай “Эко констракшн”-ны барилгууд хэл ам татлахгүй, оршин суугчдын амгалан тайван байдалд сөргөөр нөлөөлөхгүй байх нь тун ховор. Бид өмнө нь “Эко констракшн”-ны барилгын зөрчил, гомдлын талаар мэдээлж байсан билээ.
Тэгвэл Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас шалгалт хийхэд 27 барилга зөрчилтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогджээ. Эдгээр 27 иргэн, аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцуулахаар албан шаардлага хүргүүлээд байгаа аж. Уг зөрчилтэй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй 27 барилгад “Эко констракшн”-ны барьж буй Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Х аппартментын зүүн талд барьж буй 16 давхар орон сууцны барилга, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй “СКАЙ РЕЗИДЕНС“ 1,2 орон сууцны барилга, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Талх Чихэр" ХХК-ийн барьж буй барилгын ажлууд зэрэг багтсан байна.
Урьдчилан барилгын зөвшөөрөлгүй, үйл ажиллагааны зөрчилтэй гэдгийг эрх бүхий байгууллагаас нь тогтоочихсон байгаа тул иргэд, олон нийт сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Иргэд олон нийт нэг насны амьдралаа зориулж орон сууц авахдаа олон талын мэдээллийг үндэслэж, нягтална уу.
Дараагийн дугаарт бид томоохон барилгын компаниудын зөрчлийн талаар дэлгэрэнгүй мэдээллэх болно.