БАЯРТ МЭДЭЭ: Нийслэлийн дахин төлөвлөлтөөр баригдсан 77 айлын орон сууцны нээлт боллоо
Ашиглалтын шаардлага хангахаа больж, иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулаад байсан БЗД-ийн 16-р хорооны “Сүүний 16”-р байрны буурин дээр “Шинэ төсөл хотхон” сүндэрлэж, өнөөдөр оршин суугчид нь түлхүүрээ гардан авч, шинэ сууцандаа орлоо.
Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 5, 16, 24-р барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр “Металл энд вүүд” ХХК шалгарч “Сүүний 16”-р байрны барилгыг бүрэн чөлөөлж “Шинэ төсөл хотхон”-ны барилга угсралтын ажлыг эхлүүлэн эхний ээлжийн 1 давхартаа үйлчилгээний төв бүхий 12 давхар 77 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өглөө.
Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн орон сууц корпорацын захирал Б.Сүхбаатар Нийслэлийн Ерөнхий төлөвлөлтийн газрын архитектор Ж.Баасангарьд, Метал Вүүд ХХК захирал О.Хонгорзул, бусад албаныхан болон иргэд оролцлоо.
Баянзүрх дүүргийн 16-р хороонд ирэх жилээс гудамжны шороон зам болон явган хүний замыг засмал болгох дэд бүтцийг нь сайжруулах, шинэчлэх тал дээр ажиллаж төслийг хэрэгжүүлж байгаа аж.
Нийслэлийн Засаг Даргын орлогч П.Баярхүү:
2015 онд анхны захирамж гарснаар Сүүний 16-р байр өнөөдөр 77 айлын өрх гэр, өргөө цагаан гэр болон сүндэрлэн босчээ. 2015 оноос өдийг хүртэл дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийн уналт бусад хүндрэл бэрхшээлүүд чамгүй гарч байсан. Гэр хорооллын дахин төлөвлөлт болон ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулган шинээр барих төслүүдийг Монгол Улсын Хөгжлийн банк 200 тэрбум төгрөгний санхүүжилт гарган хамтран ажиллахаар шийдвэрдэгдсэн. Дэд бүтцийн ажилд өмнө жилүүдэд 11 тэрбумыг төсөвлөдөг байсан бол одоо 20 тэрбумын төсвийг тавьсан. Энэ мэт дахин төлөвлөлтийн ажил цаашид ч үргэлжлэн хийгдэж, иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулахын төлөө нийслэлийн зүгээс бүхий л ажлыг хийх болно.
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|