Нийслэлийн удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа газар, агентлаг, есөн дүүрэг, 152 хорооны дарга удирдлагууд оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан зөвлөгөөнийг нээж үг хэлээд, цаашид хэрхэн ажиллах, хэрэгжүүлэх ажил, хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр Төрийн байгууллага хоорондын уялдаа холбоотой, бодлогын нэгдсэн шийдэлтэй, гүйцэтгэл өндөр байх ёстой. Үүнд НИТХ болон Засаг дарга, ЗДТГ-аас гарсан бүх шийдвэр дүүрэг, хороонд ижил төвшинд үйлчилдэг байх нь чухал. Тодорхой шийдвэр гарсаар байхад түүнийг хэрэгжүүлдэггүй, дур мэдэн шийдвэрийг өөрчилдөг байдлыг таслан зогсоох ёстой. Батлагдсан орон тоог хэтрүүлдэг, зөвхөн хэсэг бүлэг хүмүүст зориулсан шаардлагагүй орон тоог баталж, өөрт ашигтай шийдвэр гаргадаг. Энэ мэтчилэн эзэнгүй айлын дураараа хүүхэд шиг аашилдаг газрууд олон бий. Үүнийг нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нартай хамтран шийдвэрлэх болно. Мөн иргэдэд чирэгдэлгүй төрийн үйлчилгээг хүргэдэг байх асуудлыг эрчимжүүлнэ. Ингэхийн тулд иргэдтэй шууд холбогддог байх утсыг хотын даргын хувьд би өөрөө ажиллуулах болно. Эцэст нь хэлэхэд улс төрийн ойлголцол, ажил хэргийн эв нэгдэл гэх шалтгаанаар бурууг хаацайлж, элдэв үг болон үйлдлээр ажил цалгардуулах асуудлыг хүлээн авахгүй. Хэрэв би өөрөө алдаа дутагдал гаргавал, асуудалд хайхрамж алдвал миний явсан суусан газар бүрт шууд сануулж хэлээрэй. Миний ажил, хувийн ажил гэхээс илүүтэй та бидний хамтын ажил. Нийслэлчүүдийн ажил амьдрал, хувь заяатай шууд холбоотой учир асуудалд туйлшралгүй хандаж ажил цалгардуулалгүй хамтран ажиллана” гэж уриалан, урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор нийслэлийн хэмжээнд үүсэж болох эрсдэлийг мэргэжлийн байгууллагууд тооцож, урьдчилсан бэлтгэлээ ханган ажиллахыг үүрэг болголоо.
Үүний дараа нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Тээврийн цагдаагийн албанаас өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийсэн юм.
Гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.6 хувиар буурсан
ЦЕГ-ын дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Энэ оны эхний хоёр сард нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 69354 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7569 нэгж буюу 9.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь оны эхний 58 хоногийн хугацаанд 5 хоног ямар ч гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэлгүй хот тайван байсан гэж ойлгож болно.
Улсын хэмжээнд 2019 оны эхний хоёр сард 7436 гэмт хэрэг бүртгэгдсэний 5166 буюу 69.5 хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна. Нийслэлд бүртгэгдсэн гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 304 хэргээр буюу 5.6 хувиар буурсан” хэмээв.
2019 оны эхний хоёр сарын байдлаар 12748 дуудлага мэдээлэл хүлээн авчээ
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж “Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019 оны эхний хоёр сарын байдлаар 12748 дуудлага мэдээлэл хүлээн авч 3936 эд материалийн хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 261 бүртгэгдэж Зам тээврийн хэргийн улмаас 8 хүний амь нас хохирч, 311 хүн гэмтсэн байна.
Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол өмнөх оны мөн үетэй харьцуулахад -13.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тээврийн цагдаагийн албанаас “Сар-шинэ” “Шөнийн-хяналт” “Хаалт-боолт” “Хяналт-шалгалт”, “Хамгаалах бүс” нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг үе шаттайгаар Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж ажилласан” хэмээн мэдээлэв.
Энэ онд найман төрлийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийнэ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хоёрдугаар сарын 19-нөөс энэ сарын 4-ний өдрийн байдлаар нийт 981 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэж байгаа аж. Ирсэн өргөдөл, гомдол болон хяналт шалгалтаар 231 зөрчил илэрсэн байна. Тус газраас энэ онд 3513 объектод давхардсан тоогоор 4940 хяналт шалгалт, 2299 объектод 2837 зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг хэллээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналт, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналт, эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналт, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналт, дэд бүтцийн хяналт, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналт, агаарын чанарын хяналт зэрэг найман төрлийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийхээр төлөвлөн, ажиллаж байгаа аж.
1056 гахайг булшилж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн
“Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар сарын 18-наас гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 130 удаагийн дуудлагыг хүлээн авч, Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 126, эрэн хайх, аврах ажиллагааны 4 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 100 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан.
Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл, ослын тоо 22,6 хувиар өссөн дүнтэй байна.
“Гамшигт тэсвэртэй хотууд” төслийн хүрээнд гамшгийн менежментийн багийн гишүүдийг чадавхижуулах сургалтыг Олон Улсын Найрамдал төвд зохион байгуулж, нийслэлийн 9 дүүргийн зорилтот 9 хорооны 90 гаруй хэсгийн ахлагч нар хамрагдлаа.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Мал бордоход тогтоосон хорио цээрийн дэглэмийг дүүргийн Засаг даргын 2019 оны А/76 дугаар захирамжаар цуцалж, хязгаарлалтын дэглэмд шилжүүлсэн. Мэргэжлийн байгууллагын 26 алба хаагч, 19 техник хэрэгсэлтэйгээр хорио цээрийн дэглэм сахиулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 1056 гахайг булшилж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн” хэмээн нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Хурандаа Ж.Чүлтэмсүрэн мэдээллээ.
Үүний дараа Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Хот нийтийн аж ахуйн чиглэлээр 2019 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний ажлын талаар танилцуулав.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хот тохижилтын салбарт Цэцэрлэгт хүрээлэн, Ойн төгөл бүхий бичил цэцэрлэг, явган зам, сул шороон хөрсийг хатуу хучилттай болгох, хөшөө дурсгал, уран баримал, гадна сурталчилгааны байгууламж, “Манай хороо миний гудамж” аян, ногоон байгууламж зэрэг хийсэн ажлуудаа танилцуулахын сацуу энэ онд хийгдэх ажлаа танилцууллаа.
“Нийслэлд маш олон тулгамдсан асуудлууд бий. Агаар, хөрсний бохирдол, замын түгжрэл, ажилгүйдэл гэх мэт. Үүн дотор нийслэлд эрх зүйн шинэтгэл хийх зайлшгүй том тулгамдсан асуудал байна. Цаашдаа Улаанбаатар хотын эрх зүйн орчныг таатай болгох, эрх зүйн орчныг шинэчлэх. Энэ шинэчлэл нь нийслэлийн иргэдийн ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлсэн, төр хувийн хэвшлийн хамтран ажиллах боломж нөхцлийг бий болгосон байгаасай гэж би хүсэж байна. Үүний төлөө НИТХ хичээн ажиллах болно” нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва ярилаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хотын даргын хувьд нийслэлд хийгдэж буй зам, дэд бүтцийн томоохон төслүүдийг түргэвчлүүлэн богино хугацаанд ашиглалтад оруулах. Засгийн газар, нийслэлээс агаар, хөрсний бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг оновчтой зохион байгуулна. Иргэдийг чирэгдүүлдэг, оршин суугчдыг бухимдуулдаг олон асуудал бий. Тийм учраас өнөөдөр өргөтгөсөн зөвлөгөөн хийж үүрэг даалгавар өгч байна. Хамгийн түрүүнд хариуцлагаа сайжруулж, ёс зүйгээ дээшлүүл, иргэдийн оролцоог шат шатанд хангаж ажилла, төсөв хөрөнгийн үргүй зардлыг багасгах, бүтэц зохион байгуулалтын хүрээнд шаардлагатай асуудлыг цаг алдалгүй хийх зэрэг асуудлуудыг ярьж байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.