Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалт явууллаа
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын хэлтсүүд хамтран нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлага, ХАБЭА хариуцсан ажилтан, менежерүүдэд зориулан сургалт зохион байгууллаа.
Өнгөрсөн онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын хамтран баталсан удирдамжийн дагуу дүүргийн Засаг даргын захирамжаар зохион байгуулсан улсын үзлэгийн дүн мэдээг танилцуулж, гарсан зөрчил дутагдал, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслахаар энэ удаагийн сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Хөдөлмөрийн харилцаа, ХАБЭА /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй/-н хууль, тогтоомж, хөдөлмөрийн эрүүл ахуй, тавигдах шаардлага, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ, үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм, хүнсний үйлдвэрлэлийн зохистой дадал ажлын байрны галын аюулгүй байдал зэрэг сэдвийн хүрээнд мэргэжилтнүүд мэдээ, мэдээлэл өглөө.
Мөн нийслэлийн хэмжээнд ирэх сард зохион байгуулагдах гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтын талаарх мэдээлэл, НЗД-ын нэрэмжит 100 аж ахуйн нэгж, байгууллагын бэлэн байдлын үзлэг зэрэг цаг үеийн ажлуудын зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Эх сурвалж: СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
|