Г. Байгальмаа: Ипотекийн зээлтэй байрыг ихэнх тохиолдолд хүүхдээ өөрийн асрамжиндаа авсан талд үлдээж шийдвэрлэдэг
Сүүлийн үед гэр бүлийн болон өмчийн маргаантай асуудал шүүхээр шийдэгдэх тохиолдол нэмэгдсэн байна. Тухайлбал, ипотекийн зээлтэй хосууд гэрлэлтээ салгуулахад, эд хөрөнгө нь хэнд үлдэх үү, хэн нь цаашид үргэлжлүүлэн зээлээ төлөх үү гэдэг асуудал, маргаан үүсдэг байна.
Тэгвэл ийм асуудлыг хууль эрхзүйн хүрээнд шүүхийн шатанд хэрхэн яаж шийдвэрлэдэг талаар "Эрх зүйн соёл" ТББ-ын судлаач, хуульч Г. Байгальмаатай ярилцлаа.
-Ипотекийн зээлтэй байгаа хосууд гэрлэлтээ цуцлуулж саллаа гэхэд хэн нь эд хөрөнгөө авах хуулийн зохицуулалтай бэ?
-Манай улсад гэр бүлийн эд хөрөнгийн харилцааг иргэний хуулиар зохицуулдаг. Гэр бүл цуцлах үед гэр бүлийн гишүүдэд ногдох эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх ёстой болдог. Гэрлэгчид гэр бүл цуцлах үедээ ипотекийн асуудлаа хэрхэн шийдвэрлэх, хэн байраа авч зээлээ төлөх талаар харилцан тохиролцсон тохиолдолд шүүхээс талуудын харилцан тохиролцоо, эвлэрлийг баталгаажуулах байдлаар шийдвэрлэдэг. Харин харилцан тохиролцоонд хүрэхгүй маргаантай байгаа нөхцөлд шүүхээс тухайн байрыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчийг хуваах зохицуулалтын дагуу гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг тогтоож хуваадаг ба хүүхэдтэй бол хүүхэд хэний асрамжид үлдэж байгаа болон бусад нөхцлүүдийг харгалзан үзэж байрыг ихэнх тохиолдолд хүүхдээ өөрийн асрамжиндаа авсан талд үлдээж шийдвэрлэж байна.
-Хуулийн заалтандаа ямар зохицуулалт байдаг вэ?
-Ипотекийн зээлээр авсан байр нь байрны гэрчилгээгээр зээлдэгчийн, хамтран зээлдэгчийн /эхнэр, нөхрийн/ нэр дээрх өмч хөрөнгө боловч гэр бүлийн хамтын амьдралд зориулагдсан, гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон, гэр бүлийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогоос бий болсон гэдэг утгаараа байр, орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болдог онцлогтой. Үүнийг иргэний хуулийн 3 дугаар дэд бүлэгт гэр бүлийн хөрөнгийн эрхийн тухай зохицуулалтаас тодорхой харж болно.
-Иргэд ийм асуудлаар хэр ханддаг вэ?
-Гэр бүл цуцлах үед эд хөрөнгийн асуудлаа шийдвэрлүүлэх сонирхолтой хүмүүс цөөнгүй ханддаг.
-Та энэ талаар судалгаа хийсэн гэсэн. Сонирхуулбал?
-Манай эрх зүйн соёл ТББ-аас 2018 онд “Нээлттэй нийгэм” форумын дэмжлэгтэйгээр “Шүүхийн журмаар гэр бүл цуцлахад ипотекийн зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг хувааж буй шүүхийн практик” сэдэвтэй судалгаа хийсэн. Энэхүү судалгаагаар гэр бүлээ цуцлуулж байгаа ипотекийн байрны маргаантай шүүхийн шийдвэрийг түүвэрлэн авч шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх байдлаар судалсан.
-Ер нь иймэрхүү хэрэг маргаан шүүхээр хэр шийдэгддэг бол, тооны хувьд?
-2016 онд 16 778, 2017 онд 20470 гэрлэлтийг цуцласан. Үүнээс 2017 онд гэр бүл цуцлах тухай 2791 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. Үүнээс чухам хэд нь ипотекийн байрны маргаантай байсан гэдэг тоо хараахан гараагүй байна. Ипотекийн зээлийг 2013 оноос өгч эхэлсэн бөгөөд Монголын ипотекийн корпорацид гэрлэлт цуцласантай холбоотой зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгчид өөрчлөлт оруулах хүсэлт жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байгаа нь дээрх судалгаанаас ажиглагдсан. Мөн Улсын хэмжээнд 2017 оны 10 сарын байдлаар 52259 өрх ипотекийн 8 хувийн зээлд хамрагдсан гэсэн дүн байгаа нь цаашид ипотекийн байртай, гэр бүл цуцлах маргаан нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байна.
-Ер нь хүүхэдтэй хосууд эд хөрөнгөө хэрхэн яаж хувааж авдаг вэ?
-Гэр бүлийн тухай хуульд “Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх ашиг сонирхлыг нээн тэргүүнд хамгаалахыг эрхэмжлэнэ, Хүүхэд гэр бүлийн дотор тэгш эрх эдэлнэ” гэж заасан байдаг. Гэр бүлийн эд хөрөнгө хуваах тохиолдолд хүүхэд мөн тэгш эрхтэй буюу эцэг эхийн нэгэн адил хэмжээнд байрнаас өөрт ногдох хэсгээ тогтоолгож авдаг. Хүүхдээ асрамжиндаа авсан талд байрыг үлдээж шийдвэрлэх нь түгээмэл байна. Энэ нь өөрөө хуулийн дээрх зарчмыг хангахтай холбоотой юм. Байрны өрийг мөн хуваадаг. Шүүхийн шийдвэрүүдээс харахад өрийг гэр бүлийн насанд хүрсэн гишүүдэд адил хэмжээгээр хувааж байгаа нь харагдаж байна.
-Хамтран зээлдэгч гэдгээр хэрэг шийдэгдэх үү, эсвэл нэгнийх нь нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө болохоор тэр нь авдаг уу?
-Ипотекийн байр хэний нэр дээр байгаа болон зээлийн гэрээг эхнэр нөхрийн хэн байгуулсан гэдгээс үл хамааран тухайн байр нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгож, түүнээс өөрт ногдох хувийг гаргуулах боломжтой байдаг. Зарим нөхөр эхнэр энэ байрыг авахад оролцоогүй, гэртээ хүүхдээ хараад суусан би өөрийн хөрөнгөөрөө авсан энэ бол миний байр гэдэг гэтэл энэ нь тийм биш. Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан, болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас орлого олоогүй байсан эхнэр, нөхөр гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрхтэй байдаг.
-Ийм асуудлыг эвлэрүүлэн зуучлалын замаар шийдэж болдог уу?
-Болдог. Эд хөрөнгийн маргаантай, хүүхэдтэй, гэрлэхийг зөвшөөрөхгүй байгаа хүмүүс гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулдаг. Гэр бүлээ цуцлуулах гэж байгаа хүмүүс шүүхэд хандахаас өмнө эвлэрүүлэн зуучлагчид хандах ёстой байдаг. Энэ хугацаанд гэрлэгчид эвлэрч гэр бүлээ хадгалж үлдэж болно. Эвлэрч чадаагүй бол шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд шүүхээс шаардлагатай тохиолдолд гэрлэгчдийг 3 сарын хугацаанд эвлэрэх боломж олгодог. Мөн талууд шүүхийн шатанд эд хөрөнгийн маргаантай асуудал дээрээ эвлэрч болно. Эвлэрэхдээ хэн байраа авч үлдэх, хэн зээлээ төлөх, зээлийн үүргээс хэзээ чөлөөлөх гэх мэтийг тодорхой болгож шүүхийн шийдвэртээ тусгаж байх нь чухал.
-Гэр бүл салалтын шалтгаан юу байна. Зарим нэг нь хамтран зээлдэгч болж байранд орж, өөрийнхөө нэр дээр болгочихоод нэгнээ хөөдөг, туудаг гэсэн дам яриа байдаг. Энэ талаар?
-Энэ тохиолдолд гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцож болно. Өөрөөр хэлбэл, гэрлэгчид гэр бүл болох зорилгогүйгээр зөвхөн ипотекийн байртай болох зорилгоор гэрлэсэн нь илэрвэл гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцож болно. Ийм тохиолдолд эрх ашиг нь зөрчигдсөн хүн эрхээ хамгаалуулах хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. Гэрлэлт хүчин төгөлдөр бусад тооцогдсон тохиолдолд ипотекийн зээлийн гэрээ цуцлагдах эрсдэлтэй.
-Гэр бүлийн харилцаа их онцлогтой байдаг. Эд хөрөнгөтэй болохын тулд ч ханилсан байх жишээний. Хөрөнгөтэй хүнтэй сууж, хөрөнгийг нь өөрийн нэр дээр болгочихоод салаад явах тохиолдол ч байдаг гэсэн. Ийм тохиолдол байсан уу?
-Амьдрал баялаг гэж ярьдаг. Байхыг үгүйсгэхгүй боловч надад тийм юм болсон гээд ярих жишээ таараагүй байна.
-Ярилцсанд баярлалаа?
-Баярлалаа.
Эх сурвалж: Olloo.mn
|