Шарын гол сумаас олдсон савагт хирсийн ясыг зарахыг завджээ

2019 оны 2 сарын 22

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас эртний амьтдын олдворыг Хятад улсын иргэдэд өндөр үнээр зарах гэж байсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Б гэгч бусадтай бүлэглэн хууль бусаар, гар аргаар алт олборлож байх хугацаандаа эртний амьтдын олдворууд олж, түүнийгээ борлуулах гэж Улаанбаатар хотод оруулж ирсэн байна.

Энэ хэрэгт холбогдсон Б нь 33 настай эрэгтэй Э нарын зарж борлуулахаар тээвэрлэн авч явсан эртний амьтны олдвор нь 10-35 мянган жилд хамаарах цаг хугацаанд амьдарч байсан Савагт хирсийн зарим яс болохыг нь ШУА-ын Палеонтологи, геологийн хүрээлэнгийн ажилтнуудын дүгнэлтээр тогтоогдсон байна.

Энэ талаар тус хүрээлэнгийн олдвор, техник боловсруулалт, сэргээн засварлалт хариуцсан мэргэжилтэн,  н.Өлзийцэрэн “Шарын гол сумаас олдсон савагт хирсийн толгой болон эрүүний яс олдсон байгаа. Бид энэ амьтны олдворыг газар дээрээс нь очиж хүлээн авч, боловсруулалт хийн аймгийн музейд хүлээлгэн өгсөн.

Иргэдэд анхааруулахад хувь хүмүүс газрын дороос олдсон баялгийг өөрсдөө эзэмших эрхтэй гэсэн ташаа ойлголт, хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болж их хэмжээний мөнгөн дүнгээр торгуулахаас хоригдох хүртлээ олон зүйл ангиар хариуцлага хүлээдэг.

Ийм тохиолдол цагдаагийн байгууллагад олноороо бүртгэгдэж байна. Соёлын тухай хуулиар хувь хүн газрын доорх баялгийг эзэмших эрхгүй гэж заасан байдаг бол Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хорих ял оноох тухай тодорхой заасан байгаа” гэлээ.

Савагт  хирсийн толгойн яс болон эрүүний ясыг өндөр үнээр зарах гэж оролдсон хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан байна. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгийн хэлснээр эртний амьтдын олдворыг бусдад зарж борлуулах гэж байгаад баригдсан иргэдийг шалгаж байгаа аж.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600481
0 эможи

keyboard_arrow_up