П.БАЯРХҮҮ: Улаанбаатар хотод ЖИШИГ ХОТХОН байгуулахын төлөө ажиллаж байна
Гэр хорооллын иргэдийн хүсэлт санаачилганд суурилан иргэний өмчлөлийн газар, амины орон сууцанд нь инженерийн болон нийгмийн дэд бүтцийг хүргэх замаар гэр хорооллын нутаг дэвсгэрийг орчин цагийн хотын соёл, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл аюулгүй, тохилог орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор НЗДТГ-аас “Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлж байна.
Улаанбаатар хотын гэр хорооллын суурьшлын бүсийн хамгийн их нягтралтай хэсгийн нэг болох Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрийн 285 айл өрхийг “Дэд бүтцийн төв”-д холбож эхлээд байгаа бөгөөд УИХ-ын гишүүн С.Баярцогт, гишүүн М.Оюунчимэг нар газар дээр нь очиж танилцлаа.
УИХ-ын гишүүн С.Баярцогт:
УИХ шинэ бүтээн байгуулалтын зорилтот хөтөлбөрөө баталсан. Энэ хүрээнд 21 аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох, Улаанбаатар хот болон 21 аймагт 100 мянган орон сууц барих, Улаанбаатар хот төдийгүй 21 аймгийн утааны асуудлыг шийдэх зорилтыг тавьсан. Эхний хоёр зорилт биелсэн боловч утааны асуудлыг шийдэж чадаагүй л байна. УИХ-ын даргын захирамжаар “Утааны эсрэг лобби” бүлгийг 12 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулаад байна. Бүлгийн гишүүд Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаж, утаа үйлдвэрлэхгүйгээр амьдрах бололцоог бүрдүүлэх чиглэлд хийж буй “Дэд бүтцийн төв” төслийн ажилтай танилцлаа. 285 айлын янданг буулгах, дэд бүтцийг нь цогцоор нь шийдвэрлэж, гэр хороололд хотхон барих ажлыг эхлүүлээд байгаа НЗДТГ, НГХДБГ-ын хамт олонд ажлын амжилт хүсье. Улаанбаатар хотод нийтийн орон сууцанд байр авахыг хүсвэл метр квадрат нь дунджаар 2 сая орчим төгрөг төлөхөөр байна. Тэгвэл иргэд өөрийн эзэмшил газартаа дэд бүтцийг нь шийдүүлчихвэл нэг байшинг метр квадратыг нь 400 орчим мянган төгрөгөөр барих боломжтой гэж харж байна. Энэ ажлыг 285 айлд хүргээд л зогсох биш 200 мянган айлд хэрхэн хүргэж ажиллах вэ гэдэг тал дээр бид бодлого гаргаж ажиллана.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү:
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд жишиг хотхон байгуулахын төлөө бид ажиллаж байна. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол өнөөдөр тулгамдаж буй асуудал болоод байна. Тиймээс энэ асуудлыг шийдэхээр БХБЯ, НЗДТГ хамтран инженерийн “Дэд бүтцийн төв”-ийг гэр хорооллын дундын бүс болох төвийн шугам очих боломжгүй айл, өрхүүдэд холбох ажлыг 2018 оноос эхлүүлсэн. Эхний ээлжинд төсөлд сонгогдсон Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт халуун, хүйтэн ус, дулаан, бохирын асуудлыг цогцоор нь шийдэх “Дэд бүтцийн төв” төслийн ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай явж байна. Эхний ээлжинд айлуудаа дулаанд холбосон. Харин ирэх дөрөвдүгээр сарын 15-аас бохир, усаа өгөхөөр төлөвлөсөн. “Дэд бүтцийн төв”-ийн хувьд өөрийн гэсэн цэвэрлэх байгууламжтай. Цэвэрлэх байгууламж нь хоногт 520 куб метр боловсруулж, 1000 хүртэлх айлын бохирыг цэвэршүүлэх хүчин чадалтай. 2019 онд НЗДТГ-аас 20 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хоёр “Дэд бүтцийн төв”-ийг барихаар болсон.
Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг:
Гэр хорооллын нутаг дэвсгэрийг иргэдийн оролцоонд тулгуурлан төрийн болон нийгмийн үйлчилгээтэй, инженерийн дэд бүтцээр хангагдсан тохилог амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх “Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжээд айлууд эхнээсээ халаалтаа аваад эхэллээ. Иргэдийн хувьд сэтгэл хангалуун байгаа. Уг төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсийг бохирдуулагч эх үүсвэрийг устгаж, иргэд өөрийн хашаандаа ая тухтай, цэвэр тохилог орчинд амьдрах, өмчилсөн газрын үнэ цэнэ нэмэгдэх зэрэг ач холбогдолтой. Өнөөдрийн байдлаар “Дэд бүтцийн төв”-д холбогдсон айлууд ипотекийн зээл авч байшин барих, засварлах боломжтой болсон. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжиж буй “Дэд бүтцийн төв” төсөлд хамрагдсан 285 өрхөөс 28 өрх шинээр амины орон сууц барьж, 104 айлын байшинг дулаалгын аянд хамрагдаад байна.