Сар шинийн баяраар 756 иргэн эрүүлжүүлэгджээ

2019 оны 2 сарын 11

Холбоотой Зураг

Сар шинийн баярын өдрүүдэд гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн энэ сарын 4-11-ний өдрийн 08:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Энэ хугацаанд гэмт хэрэг, зөрчил хэр гарсныг Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад:

"Хоёрдугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагаас хоёрдугаар сарын 11-ний өдрийн 08.00 цаг хүртэл улсын хэмжээнд нийт 11,268 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Тодруулбал, 

  • Гэмт хэргийн шинжтэй 361,
  • Зөрчлийн шинжтэй 10,907 дуудлага байгаагаас 4,278 нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн бол 1,944 нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн байна. Мөн Зөрчлийн тухай хууль зөрчсөн 4,685 дуудлага хүлээн авч, зохих шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна" хэмээв. 

Харин Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчил хэр гарсныг Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Э.Баярбаясгалангаас тодрууллаа.

-Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй хэдэн дуудлага ирсэн бэ?

-Цагдаагийн байгууллагад битүүн болон шинийн 1-3-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийт 5,391 дуудлага, мэдээлэл ирсэн. Энэ нь өмнөх жилээс 12.8 хувиар буурсан үзүүлэлт юм. Үүнийг ангилан авч үзвэл, гэмт хэргийн шинжтэй дуудлага 287, зөрчлийн шинжтэй 2,899 дуудлага ирсэн байна.

-Ямар төрлийн гэмт хэрэг их үйлдэгдсэн байна вэ?

-Баяр, амралтын өдрүүдэд 140 гэмт хэрэг үйлдэгдсэн. Эдгээрийн 63 нь хулгайн гэмт хэрэг бол хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг зургаа, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хоёр гэмт хэрэг бүртгэгдсэн. Нэгтгээд үзвэл, Сар шинийн баярын өдрүүдэд үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх жилээс 41.9 хувиар буурсан.

-Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх тохиолдол ихсэх хандлагатай байдаг. Тэгвэл энэ жилийн тухайд?

-Цагдаагийн байгууллагад архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой дуудлага 1,800 ирсэн. Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн осгож, амь насаа алдах, гэмт хэрэгт холбогдох эрсдэлээс сэргийлэх зорилгоор зарим иргэнийг эрүүлжүүлдэг. Битүүн, шинийн 1-3-нд нийт 756 иргэнийг эрүүлжүүлсэн. Энэ жилийн тухайд цагдаагийн алба хаагчид архидан согтуурсан иргэдийг эрүүлжүүлэхээс илүүтэй ар гэрийнхэнд нь хүлээлгэх өгөх чиглэл барьсан.

Харин өмнөх жилийн Цагаан сарын баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 672 хүнийг эрүүлжүүлж, 960 иргэнийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч байжээ. 

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600104
0 эможи

Зочин
2019-02-11 22:19
GOOD
keyboard_arrow_up