БАЯРТ МЭДЭЭ: Газраа чөлөөлсөн 47 айл, өрх ШИНЭ БАЙРНЫ ТҮЛХҮҮРЭЭ гардан авлаа
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, БХИС орчмын А хэсэгчилсэн талбайд “Баганат өргөө” компаний барьсан 70 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, газраа чөлөөлсөн иргэд өнөөдөр шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч дарга Б.Азжаргал, газраа чөлөөлөөд шинэ орон сууцны түлхүүр гардан авч буй айл, өрх, иргэд болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд энэ нь гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын 9 хувийг эзэлж байгаа аж.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү:
Өнөөдөр Баянзүрх дүүргийн 8-р хороо, “Баганат өргөө” компаний хэсэгчилсэн дахин төлөвлөлтийн талбар дээр баригдсан 70 айлын орон сууц ашиглалтад орж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд урагштай явж эхэлсэн. Үүний шалтгаан нь Монгол улсын Засгийн газраас ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлсэн, үүний зэрэгцээ төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хоёрдогч болон гуравдагч эх үүсвэрээс шийдвэрлэх зорилт тавьж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалтыг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлсэн. Ингэснээр барилгын компаниуд эх үүсвэртэй болж эхэлж байна. 2018 онд 4000 гаруй айлын янданг буулгасан бол энэ онд 8000 гаруй айлыг орон сууцтай болгох зорилт тавин ажиллаж байна. Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн ажил сайн явагдсанаар нийт 89980 айл орон сууцтай болох юм. Сар шинийн баярын босгон дээр шинэхэн өргөөндөө орж буй та бүхэнд аз жаргал хүсэн ерөөе.
Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч дарга Б.Азжаргал:
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл нь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч болон хувийн хэвшил, нийслэл гурван талаас зөвшилцөн, гэрээ байгуулж, нэг зорилгын дор нэгдэж чадсанаар хэрэгжих нөхцөл бүрддэг томоохон төсөл. Энэхүү төсөлд нийгмийн хариуцлагын үүднээс төсөл хэрэгжүүлэх эрх авсан компаний нэг болох “Баганат өргөө” ХХК өнөөдөр 70 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгч байна. Тус компаний хувьд нийт 180 нэгж талбарын газрыг чөлөөлөн 2015 онд 288 айлын орон сууц, 2018 онд 4 блок 358 айлын орон сууцны барилга угсралтыг гүйцэтгэсэн. Энэ онд шинээр 5 блок 654 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлэх юм.
“Баганат өргөө” ХХК захирал О.Батсайхан:
Манай компаний хувьд 2013 оноос гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд инженерийн шугам сүлжээг газар доорх барилга байгууламжаар бүрэн шийдвэрлэсэн. Энэ бол Улаанбаатар хотод байгаа хамгийн том тунелын систем гэж хэлж болно. Бид уг төслийн хүрээнд өнөөдрийг хүртэлх хугацаанд 358 айлын оройн сууцыг ашиглалтад оруулсан. 2019 онд 500 айлын орон сууцыг ашиглалтад өгөх зорилт тавин ажиллаж байна. НЗДТГ-аас Монгол улсын Хөгжлийн банк дэмжлэг үзүүлэх тал дээр хамтран ажиллаж байгаа гэсэн сайхан мэдээ байна. Бидний зүгээс энэ төсөлд хамрагдвал байрныхаа борлуулах үнийг бууруулах боломжтойг хэлмээр байна.
Нийслэл хотын зүгээс бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж буй төсөл хэрэгжүүлэгчдийг дэмжиж ажиллах талаар анхааран инженерийн шугам сүлжээний ажилд зарцуулах 20,0 тэрбум төгрөгийг энэ оны нийслэлийн төсвөөс баталсан аж.