НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТ МАРГААШ ГЭХЭД ИРГЭДИЙН ДАНС РУУ ОРЖ ДУУСНА
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, гаалийн шинэчлэлийг хийхтэй холбоотой Засгийн газрын тогтоол гарлаа. Уул уурхайн ашигт малтмал зургаан боомтоор гардаг. Үүнтэй холбогдуулан нэгдүгээрт, гарч буй баялагийн сорьц тодорхойгүй байдаг. Сайн чанарын нүүрс гаргачихаад түүнийг чанар муутай мэтээр бичдэг. Калорийн хэмжээг зөрүүтэй мэдээлдэг. Тэгэхээр Засгийн газрын хуралдаанаар авто тээврээр гарч буй ашигт малтмалаас сорьц авдаг, түүн дээр татвар тооцдог зүйлийг нэвтрүүлэхээр боллоо. Хоёрдугаарт, хилээр гарч буй тээврийн хэрэгслийг хянадаг цахим тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр холбогдох шийдвэр гаргалаа. Гуравдугаарт, ашигт малтмал гарч буй зургаан боомт дээр рентген тоног төхөөрөмж суулгах, камержуулах, нэгдсэн мэдээллийн системийг бий болгохоор тогтоол баталлаа.
Мөн нийтдээ 808 мянган хүнд 120 гаруй тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт маргааш өглөөнөөс (өнөөдөр) эхэлж олгоно. 2017 оны төсвийн гүйцэтгэлээр 2018 онд буцаан олголтоор 630 мянган хүнд нийтдээ 77.8 тэрбум төгрөгний буцаан олголт хийсэн. Энэ жил буцаан олголтын хэмжээ 60 хувиар, хамрагдалт 40 хувиар нэмэгдсэн. Үүнийг бид аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэсэн, эдийн засгийн идэвхжилт нэмэгдсэнтэй холбоотой гэж үзсэн. НӨАТ-ын буцаан олголтыг энэ пүрэв, баасан гаригуудад багтаан иргэдийн данс руу шууд олгоно” хэмээн мэдээлэв.
Мэдээлэлтэй холбогдуулан тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Татварын ерөнхий газрын дарга арилжааны банкуудтай гэрээ байгуулж НӨАТ-ын буцаан олголтыг зээл маягаар түрүүлж олгосон. Үүнийг та хууль зөрчсөн үйлдэл гэж мэдэгдээд байгаа. Яг ямар хуулийг зөрчсөн талаар тодорхой хэлэхгүй юу?
-Нэмүү өртөгийн албан татварын тухай хуулиар та бүгдийн худалдан авалтын и-баримтаар цуглагдаж буй мэдээллийг зөвхөн татварын алба, статистикийн байгууллага ашиглах зориулалттай.
Статистикийн байгууллага хэрэглэгчдийн мэдээллийг гаргахгүйгээр иргэд ийм төрлийн бүтээгдэхүүн илүүтэй худалдан авдаг, ийм үнэтэй гэдэг ерөнхий мэдээлэл гаргах үүрэгтэй. Нэмүү өртөгийн албан татварын тухай хууль үүн дээр бүрэн агуулгаараа зөрчигдсөн. Иргэдийн мэдээлэл арилжааны банкуудад очсон нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Төр ард иргэдийн мэдээллийг цуглуулчихаад үүнийг цөөн тооны аж ахуйн нэгжид олгож, давуу байдал үүсгэх нь ноцтой гэмт хэрэгт тооцогдоно.
-Үүн дээр хариуцлага тооцсон уу?
-Татварын ерөнхий газрын даргыг чөлөөсөн шийдвэрийг Засгийн газар гаргасан. Дараагийн даргыг төрийн албаны шинэ хуулиар сонгон шалгаруулаад явах байх.
-НӨАТ-ын буцаан олголтыг нэмье гэсэн иргэд цөөнгүй бий. Үүнийг шийдэх арга зам бий юу?
-Татварын тухай багц хуулийг хийхдээ энэ талаар ярилцсан. НӨАТын буцаан олголтын системийг Тайванийн туршлага судалсны хүрээнд боловсруулж нэвтрүүлсэн. Татварын багц хуулийг УИХд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард өргөн барьсан. Өнөөдрийн байдлаар есөн сар өнгөрчихөөд байхад хэлэлцээгүй. Үүн дээр бид буцаан олголтыг улирал болгон олгох зохицуулалтыг тусгасан. Дээр нь шинэ хууль гарснаар татвар, нэн ялангуяа НӨАТ-тай холбоотой системүүдийг шинэчлэх ажлыг хийх юм. Энэ системийг нэвтрүүлээд хэвшүүлтэл тодорхой хугацаа хэрэгтэй. Үүний дараа буцаан олголтыг өөрчлөх талаар ярьж болно.
-НӨАТ-ын буцаан олголт, насны хишиг гээд бэлэн мөнгөний олголт хийж буй нь инфляцийг өсгөх, долларын ханшийг хөөргөх эрсдэлтэй. Үүн дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Тодорхой нэг арга хэмжээ, баярын өмнө нэлээд их хэмжээгээр санхүүжилт хийдэг. Энэ нь эргээд үнэ хөөрөгддөг сөрөг үр дагавартайг бид анзаарч байгаа. Үүн дээр цаашдаа анхаарч ажиллана.
-Тусгай сангуудын шалгалт ямар түвшинд яваа вэ?
-Сангуудын шалгалт дууссан. Цагаан сарын дараах анхны хуралдаанаар сангуудын шалгалт, түүнтэй холбогдох арга хэмжээнүүдийг оруулна. Бүх материад Сангийн яаман дээр бэлэн болсон.
-Халамжийн мөнгө зарим банкуудад орохгүй байна гэсэн яриа гарлаа. Энэ үнэн үү?
-Халамжийн мөнгө авах иргэд банкин дээр урт дараалал үүсгэсэн зүйл бий. Сангийн яамны хувьд халамжийн байгууллага, ХНХЯтай ярилцаж байгаа. Өмнө нь нэлээд олон халамж орон нутгийн төсвөөс олгогддог байсан юм. Орон нутгийн төсвийн орлого тодорхой хэмжээнд орж ирдэг. Энэ мөнгийг эхлээд шаардлагагүй зүйлд зарцуулаад сүүлд нь халамжийн мөнгийг олгодог байсан. Тэгэхээр хүмүүс мөнгө дуусчихаж магадгүй гэсэн сэтгэхгүйтэй байсан учраас түрүүлж очиж очерлодог байсан юм. Үүн дээр Сангийн яам ажиллаж, 2019 оны төсвийг өргөн барихдаа дийлэнх халамжуудыг улсын төсөв дээр авсан. Халамжийн мөнгийг энэ сарын 16нд банкууд руу шилжүүлсэн боловч хүндрэл гарсан. Зарим нэг банктай хийсэн гэрээ дуусгавар болсон байсан. Тэр банкуудаар олгогдох мөнгийг Төрийн банк руу шилжүүлэх явцад ачаалал үүссэн гэв.
Үүний дараа ЗГХЭГын дарга Г.Занданшатар “Засгийн газрын хуралдаанаар 2019 оныг эх оронч худалдан авалтын жил болгон ажил өрнүүлэхээр шийдвэрлэлээ. Учир нь үндэсний үйлдвэрлэл хөгжиж байж ажлын байр бий болно. Ажлын байр бий болж байж ажилгүйдэл, ядуурлын асуудал шийдэгдэнэ. 2017 оны байдлаар улсын төсвийн хөрөнгөөр 1.3 их наяд төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авсан. Үүний 47.1 тэрбум төгрөгөөр дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авалт хийсэн нь маш бага үзүүлэлт юм. Улсын хэмжээнд төрийн бүхий л байгууллагууд дээр ахуйн өдөр тутмын хэрэглээнээс эхлээд бололцоотой бүх түвшинд дотоодын үйлдвэрлэгчидээ дэмжих бодлогыг баримтлах нь зүйтэй. Мөн төрийн төдийгүй нийт байгууллагууд, иргэддээ эх оронч худалдан авалт хийх уриалга гаргаж байна. Нөгөө талаас үндэсний үйлдвэрлэгчид иргэддээ чанартай, хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ анхаарч ажиллах хэрэгтэй” хэмээн уриаллаа.
Түүнээс сэтгүүлчид цөөн асуулт асууж, хариулт авсан юм.
-Хотын захирагчийг ямар шалтгаанаар батламжлахгүй байгаа юм бэ?
-Утаа, түгжрэл, нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан ажлуудыг шийдвэрлэж чадах, намынхаа бүлгүүдийн дэмжлэгийг 100 хувь хүлээж чадахуйц хүн нийслэлийн Засаг дарга байх ёстой. Энэ зарчим, хуулийн дагуу энэ асуудал шийдэгдэнэ.
-Эрдэнэтийн 49 хувийн асуудал дэгдээд байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Эрдэнэт үйлдвэр 100 хувь Засгийн газрын мэдэлд байгаа. Аливаа хувь зарагдсан гэх мэдээлэл ирээгүй. 51, 49 хувьтай холбоотой асуудлаар Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан.