2018 онд гэмт хэргийн гаралт 12.3 хувиар нэмэгджээ
Цагдаагийн ерөнхий газраас 2018 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт 2018 онд Монгол Улсад гарсан гэмт хэргийн тоон хураангуйг танилцууллаа.
Тэрбээр,
"Өнгөрсөн онд манай улсад нийт 36,220 гэмт хэрэг бүртгэгдсэн ба эдгээр гэмт хэрэгт нийт 16,389 иргэн холбогдсон. Нийт гэмт хэргийн 71 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн бол үлдсэн 29 хувь нь орон нутагт үйлдэгджээ.
Гэмт хэрэгт холбогдсон нийт иргэдийн 41.5 хувь нь 18-29 насныхан байна.
Харин 55.7 хувь нь эрхэлсэн ажилгүй, 15.7 хувь хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд юм. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэгчдийн 86.5 хувь эрэгтэй бөгөөд гурван хүн тутмын нэг нь согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон.
Өнгөрөгч онд гэмт хэргийн улмаас 57 хуулийн этгээд буюу байгууллага, 33,566 иргэн хохирсон. Гэмт хэргийн улмаас 934 хүн амиа алдсан ба 9,283 хүн хүнд болон хөнгөн хэлбэрийн бэртэл гэмтэл авсан. Эдгээр тоог өмнөх онтой нь харьцуулахад амиа алдсан хүний тоо 17 хувиар, гэмтэж бэртсэн хүний тоо 11 хувиар тус тус буурсан.
Гэмт хэргийг хөнгөн болон хүнд хэлбэрийн гэж ангилдаг. Хөнгөн хэлэбэрийн гэмт хэрэг 78 хувь байгаа бол хөнгөн гэмт хэрэг бол үлдсэн 22 хувь нь хүнд төрлийн гэмт хэрэг байна.
Эдгээрээс гадна өнгөрөгч онд нийт 193 тэрбум төгрөгийн эд материалын хохирлыг иргэн, хуулийн этгээд хүлээсэн. Үүний 17 хувийг буюу 32 тэрбум төгрөгийн хохирлыг Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн барагдуулж ажиллалаа.
Мөн 2018 онд улсын хэмжээнд нийт 85,840 хүн архи согтууруулах ундаа хэрэглэсний алмаас эрүүлжүүлэгдсэн ба энэ тоог өмнөх онтой харьцуулахад 0.8 хувиар буурсан" гэлээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ:MPA.MN
|