Хотын даргад НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун заалнаас нэрээ дэвшүүлснээр ээлжит бус хурал завсарлага авлаа
Өнөөдрийн хуралдаанаар,
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудал,
- “Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал”-ын талаар мэдээлэл сонсох,
- НИТХурлын даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм.
НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшиж байгаа тул хуралдааныг НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан даргалж байна.
Хотын даргад заалнаас өөр хүн нэр дэвшүүлэх саналтай байгаа эсэхийг хурал даргалагч асуухад,
НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл "Би нэр дэвшүүлэх гээгүй. Гэхдээ сая НИТХ-ын хуралдаанд МАН-ын удирдах зөвлөлийн хурлын тогтоолыг танилцуулсан нь хууль бус. НИТХ дахь МАН-ын бүлэг тогтоолоо танилцуулах ёстой байхад намынхаа тогтоолыг танилцуулсныг эсэргүүцэж байна" гэв.
НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан "Таны шаардлагыг ойлголоо. Өөр заалнаас нар дэвшүүлэх хүн байна уу?"
НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун "Би НИТХ-ын төлөөлөгчид нэр дэвших хуульд заасан эрхийнхээ хүрээнд өөрийгөө нэр дэвшүүлж байна.
Миний бие 2016 онд СХД-ээс НИТХ-д нэр дэвшиж сонгогдсон. Инженер мэргэжилтэй, төр захиргааны байгууллагад ажилласан туршлага байгаа учраас өөрийгөө Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлж байна. Ангийнхан маань дэмжинэ гэж найдаж байна"
НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан "За. Заалнаас өөр нэр дэвших хүн байна уу?":
НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва "НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун сая заалнаас өөрийгөө нэр дэшүүлэх санал гаргасны дагуу МАН-ын бүлгээс 30 минутын завсарлага хүсч байна.
НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан "МАН-ын бүлэгт 30 минутын завсарлага өгье".
Ингээд Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан завсарлалаа.
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|