Гаалийн байгууллага улсын төсөвт 2.73 их наяд төгрөг төвлөрүүлжээ
Гаалийн байгууллага 2018 онд Монгол Улсын төсөвт 2.19 их наяд төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс 2.73 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь төлөвлөснөөсөө 124.6 хувиар буюу 538.9 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн үзүүлэлт юм.
2018 онд тус байгууллага экспортын 530 мянга, импортийн 256 мянган бүрдүүлэлт хийж, нийт экспортын бүрдүүлэлтийн 95 хувийг цаасгүй технологид шилжүүлсэн байна.
Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Худалдааг хөнгөвлөх үндэсний хорооны 2018-2022 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө”, “Худалдааг хөнгөвчлөх үндэсний хөтөч зураг 2018-2022”-ийг боловсруулан батлуулахад Гаалийн байгууллага идэвхи санаачлага гарган ажиллаж, “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.
Мөн худалдааны луйвар, гаалийн зөрчлийг илрүүлж, нийт 2,028 хууль бус үйлдлийг илрүүлэн хянан шийдвэрлэж, 2.3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулан, 6.1 тэрбум төгрөгийн гаалийн болон бусад татвар нөхөн төлүүлсэн байна.
Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан 15 удаагийн үйлдэлийг илрүүлж, хар тамхи мансууруулах бодисыг илгээх болон хүлээн авдаг хоёр сувгийг илрүүлэн тогтоох үйл ажиллагаанд хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллажээ.
Иймд өнгөрсөн онд гаргасан амжилтаа улам бататгаж Дэлхийн гаалийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт болон боомтын хөрөнгө оруулалтыг, гаалийн хяналтын үйл ажиллагаатай уялдуулан 2019 оныг Монгол Улсын Гаалийн байгууллагаас “Дэвшилтэт технологи- ухаалаг хяналт”-ын жил болгосон байна.
2019 оны нэгдүгээр сарын 15-16-ны энэ өдрүүдэд Монгол Улсын Гаалийн байгууллагын удирдах ажилтнууд “Зөвлөлдөх уулзалт”-аа зохион байгуулж өнгөрсөн оны ололт амжилт, хүрсэн үр дүн, алдаа дутагдлаа ярилцан дүгнэж, 2019 онд гаалийн шинэчлэлийг теле-хяналтын иж бүрэн систем нэвтрүүлэх, гаалийн лабораторийн бүрэн шинэчлэл хийх, хилийн боомтын хяналтын дэд бүтэцийг сайжруулахад чиглүүлж, үйл ажиллагаагаа дахин загварчлах, мэдээлэл харилцаа холбооны дэвшилттэй уялдуулан хөгжүүлэхэд зорин ажиллахаар зөвлөлдөж байгаа аж.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ:MPA.MN
|