Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын журам, заавар, аргачлалыг мөрдүүлж эхэллээ
Санхүүгийн зохицуулах хороо гүйцэтгэлд суурилсан хяналт шалгалтаас эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоо руу шилжихээр холбогдох бодлогын баримт бичгүүдийг боловсруулж, үйл ажиллагаандаа мөрдөж эхлээд байна. Үүний хүрээнд даатгалын салбарын “Эрсдэлд суурилсан хөрөнгө тооцох аргачлал”, “Даатгалын компанийн үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт, шалгалт хэрэгжүүлэх журам” болон “Даатгагч өөрийн эрсдэл болон төлбөрийн чадвараа үнэлэх заавар”-ыг батлан, 2019 оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн мөрдүүлж эхэллээ. Эдгээр журам, заавар, аргачлалыг мөрдүүлснээр даатгалын зах зээлийн оролцогчдын эрсдлийг тооцох, удирдах тогтолцоо бүрдэх юм.
“Эрсдэлд суурилсан хөрөнгө тооцох аргачлал” нь ердийн даатгал, урт хугацааны даатгал, давхар даатгалын компаниудын даатгуулагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлэхэд хүрэлцэхүйц хэмжээний хөрөнгөтэй эсэхийг тодорхойлох бөгөөд энэхүү аргачлалд тооцогдож байгаа эрсдэлүүдээс өөрөөр тоон утгаар илэрхийлэгдэж болох эрсдэлийг мөн тооцох бололцоотой юм. Мөн аргачлалыг ашигласнаар цаашид тооцож болох эрсдэлийн төрлийг нэмэгдүүлэх, даатгалын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн хүрэлцээтэй болон үнэн зөв байдлыг бий болгох боломжтой болж байгаа юм.
Харин “Даатгалын компанийн үйл ажиллагаанд зайнаас хяналт тавих болон газар дээрх шалгалт хийх журам”-аар Даатгалын тухай хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан даатгагчийн санхүү, төлбөрийн чадварын байдал, компанийн удирдлага, хяналтын орчин болон эрсдэлийн удирдлагын түвшинд үнэлэлт, дүгнэлт өгөх, даатгагчийн эрсдэлийн түвшинг тогтоох, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах үйл ажиллагааг зохицуулах юм. Мөн уг журмаар зайны хяналт болон газар дээрх шалгалтыг хэрэгжүүлэх арга, аргачлал болон тайлан боловсруулах загварыг тогтоож өгчээ.
“Даатгагч өөрийн эрсдэл ба төлбөрийн чадвараа үнэлэх заавар”-аар даатгагчийн эрсдэл болон төлбөрийн чадвараа үнэлэх арга, аргачлалын загварыг тогтоож, болзошгүй эрсдэлээ тодорхойлох, хэмжих, зохистойгоор удирдах, хянах, тайлагнахад зах зээлийн оролцогчдод чиг, баримжаа олгож буй юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.