“Авто зам ашигласны төлбөр авах журам” батлагдлаа
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/128 дугаар захирамжаар “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам”, нийслэлийн бүртгэлтэй тээврийн хэрэгслээс авах авто зам ашигласны төлбөр болон Улаанбаатар хотын шалган бүртгэх товчоогоор нэвтрэх орон нутгийн тээврийн хэрэгслээс авах авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг Авто замын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасан “…орон нутгийн чанартай болон аж ахуйн дотоодын замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам, төлбөрийн хэмжээг аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно” гэсний дагуу баталж мөрдүүлж ирсэн.
Авто замын тухай хууль шинэчлэгдэн батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн бөгөөд хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “…нийслэл, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно”, 30.3-т “Нийслэл, орон нутгийн чанартай болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журмыг аймаг, нийслэлийн Засаг дарга баталж, мөрдүүлнэ” гэж тус тус заасан байна.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/128 дугаар захирамжийг шинэчлэгдэн батлагдсан Авто замын тухай хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулж, нийслэл, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлуулах зайлшгүй шаардлагатай болсон тул төслийг өргөн бариад байна.
Харин Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын А/1225 дугаар захирамжаар “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс ногдуулан авах авто зам ашигласны төлбөр авах журам”-д “Төлбөрийн үйлчилгээний ажилтан”-г сонгон шалгаруулан авч, хөдөлмөрийн гэрээ байгуулан удирдлага арга зүйгээр ханган батлагдсан бүтэц, төсөвт багтаан ажиллана гэсэн заалтыг нэмж тусган шинэчлэн батлууллаа.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|