Ухаалаг карт нийтийн тээврийн хөгжлийг урагшлуулагч нэгэн шат
Нийслэл хотын маань нийтийн тээвэр ухаалаг картаар үйлчлээд 3 оныг үдэж байна. Смарт картанд шилжсэн эхэн үед зорчигчдод хүндрэлтэй асуудлууд олон байсан бол одоо нийслэлийн иргэд ухаалаг картаар нийтийн тээвэрт үйлчлүүлэх соёлд дассан, дадсан таатай мэдээ байна. Нийтийн тээвэрт ухаалаг картаар зорчдог болсон эхэн үед бэлэн мөнгөөр зорчих зөрчил олноор гардаг байсан бол сүүлийн үед энэхүү зөрчлийн тоо багасчээ.
Нийтийн тээвэрт ухаалаг картыг хэрэглэх нь олон давуу талтай. Хамгийн том давуу тал бол дамжин суух юм. Зорчигч иргэн та мөнгөөр үйлчлүүлдэг байх үедээ нэг чиглэлээс дараагийн чиглэлд суун хүрэх газраа очихдоо 2 удаа төлбөр төлдөг байсан бол ухаалаг картаар үйлчлүүлсэн тохиолдолд дараагийн шилжин суух автобусандаа мөнгө төлөхгүй байх боломж бүрдсэн юм. Мэдээж 30 минутын дотор дамжин суух хэрэгтэй. Мөн нийтийн тээвэрт үйлчлүүлэхдээ иргэд хулгайд олон зүйлсээ алддаг. Хэрвээ та ухаалаг картаар үйлчлүүлвэл энэ айдсаас тойрч гарах боломжтой билээ. Түүнчлэн цаг заваа хэмнэх зэрэг олон давуу талуудтай.
Иргэн бүр ухаалаг картаар зөв соёлтой үйлчлүүлж хэвшвэл нийтийн тээврийн хөгжил нэг шатаар урагшлана. Нийтийн тээврийн хөгжил дэвшил нийслэл хотын иргэдийн бухимдал стресс болсон түгжрэл бөглөрөлөөс салгах том хөшүүрэг юм.
Иргэн бүр ухамсартай, ухаалаг байж, “Нийтийн тээвэр”-ээр соёлтой үйлчлүүлцгээе