НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБАНААС 2018 онд хийж гүйцэтгэсэн ОНЦЛОХ ажлуудаа танилцуулж байна
1. ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ТУСЛАМЖТАЙГААР ГАЗРЫН ГАДАРГЫН ХЭМЖИЛТИЙГ ХИЙДЭГ БОЛЛОО
Хиймэл дагуулын байнгын ажиллагаатай станцын тусламжтайгаар өндөр нарийвчлалтай Геоидын загварыг ашиглаж эхэллээ. Ингэсээр газрын гадаргын өндөржилт, хотгор, гүдгэрийг кадастрын зурагтай хослуулан боловсруулж, авто зам, инженерийн дэд бүтэц, хот төлөвлөлтийг алдаагүй, эрсдэлгүй хийх боломжийг олгохын зэрэгцээ иргэн, хуулийн этгээдийн төсөв, санхүү, цаг хугацааг хэмнэх боломжтой боллоо.
2. БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙГ БҮРЭН ХИЙЖ ДУУСЛАА
Нийслэлд 2018 онд нийт 104 байршлын 1914 нэгж талбарын 234 га газарт газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн хийж дууслаа.
Сургууль, цэцэрлэг:
17 байршилд 10 сургууль, 21 цэцэрлэг, 5 цогцолборын газрыг бүрэн чөлөөлснөөр нийт 6640 хүүхэд сургуультай, 4175 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо.
Авто зам, гүүрэн байгууламж:
37 байршилд нийт 27 км авто зам болон Яармагийн гүүрний олон түвшний уулзвар, Сонсголонгийн гүүр, Замын цагдаа орчмын олон түвшний огтлолцол бүхий уулзвар зэрэг нийт 4.2 км урттай гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд газар чөлөөлөлтүүдийг бүрэн хийж дууслаа.
Дэд төв:
Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвийн нийт 910 нэгж талбарын 328 га газрыг чөлөөллөө.
3. 60.6 ГА ГАЗРЫГ НИЙТИЙН ЭЗЭМШИЛД БУЦААН ШИЛЖҮҮЛЛЭЭ
Сургууль, цэцэрлэг болон орон сууцны хороолол дунд байрлах, газраа 2 жил ашиглаагүй болон зориулалтын бусаар ашигласан газар эзэмших эрхийг хүчингүй болгож, сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшилд 60.9 га газрыг буцаан шилжүүллээ.
4. “ЯВГАН ХҮНИЙ ЗАМ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хангах зорилгоор “Явган хүний зам” арга хэмжээг хэрэгжүүлж 17 байршилд 43 зөрчлийг арилган явган хүний зам тайлбайг бий болголоо. Мөн нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд он гарсаар нийт 835 зөрчлийг арилгаж, иргэдийн эрүүл тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүллээ.
5. ИЛ ЗАДГАЙ АВТО ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЛЭЭ
Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлыг бууруулахаар хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн шилжүүлж, шаардлага биелүүлээгүй зургаан иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгон газрыг албадан чөлөөллөө.
6. ХОРОО БҮР ГАЗАР АШИГЛАЛТЫН ХӨТӨЧТЭЙ БОЛНО
Газартай холбоотой цогц мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай хүргэх зорилгоор нийслэлийн 9 дүүргийн 152 хороодыг газар ашиглалтын сэдэвчилсэн атластай болголоо.
7. СӨХ-ТОЙ ГАЗАР АШИГЛАЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
“Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг зохион байгуулж, орон сууцны ойр орчмын газруудыг Сууц өмчлөгчдийн холбоодод гэрээгээр ашиглуулж эхэлсэн бөгөөд ингэснээр газрын зөрчил маргааныг таслан зогсоож, тохижилт хийх нөхцөлийг бүрдүүллээ.
8. ГАЗРЫН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНИЙГ БУУРУУЛЛАА
Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг шинэчлэн батлуулах хүсэлтээ БХБЯ-нд удаа дараа хүргүүлсний үндсэн дээр дуудлага худалдааны анхны үнэ хэт өндөр байсныг шинэчлэн батлуулж, зах зээлийн хамгийн доод үнийн төвшинд хүргэлээ.
9. СУУРЬШЛЫН БҮС ДЭХ ГАЗАР ӨМЧЛӨЛ 89 ХУВЬТАЙ БАЙНА
НЗД-ийн 2017 оны А/18 дугаар захирамжаар Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хил хязгаарыг тогтоосон бөгөөд суурьшлын бүс дэх газар өмчлөлийг 89 хувь хүргэлээ.
10. НИЙСЛЭЛИЙН 2019 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
Нийслэлийн 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг бүрэн хангалттай гэж үнэлэн нийслэлийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлууллаа.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБА
|