Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 22114 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1755 нэгж буюу 7.3 хувиар, гэмт хэргийн шинжтэй 719 үйлдэл бүртгэгдсэн нь 70 нэгж буюу 8.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт давхардсан тоогоор 714 чиглэлд 1401 офицер, цагдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллалаа” гэж танилцуулав.
“Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 3196 дуудлага мэдээлэл хүлээн авч 708 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Гудамж талбайд хийсэн шалгалтаар 2017 оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 592 бүртгэгдэж байсан бол 2018 оны мөн үед 476 бүртгэгдсэн нь 19.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэж Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж мэдээллээ.
Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод агаарын температур шөнөдөө 12-19 хэм хүйтэн, өдөртөө 6-10 хэм хүйтэн, салхины хурд 7-12 м/с байх төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 181 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 165, эрэн хайх, аврах ажиллагааны 16 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр, техникийн холбогдолтой ослоос нийт 18 иргэн, 210 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гал түймрийн утаажилтын бүсээс 58 иргэнийг гаргаж ажилласан. Чингэлтэй дүүргийн 7, 8, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт булгийн ус газрын хөрснөөс нэвчиж хөлдөлт үүсч дээрх хороодын айл өрх, иргэдийн гэр, байшин усанд автаж эд хөрөнгөөрөө хохирох, шуурхай албаны болон иргэдийн тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон нөхцөл байдал үүссэн. Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж, хүнд даацын машин, механизм ковш, бульдозор, мөс ачиж тээвэрлэх ачааны автомашин нийт 8 техник хэрэгсэл, 55 ажилтан, алба хаагчтайгаар үүрэг гүйцэтгэн хойшлуулшгүй сэргээх босгох ажлыг зохион байгуулж, зам, талбай, гудамж, иргэдийн хашааны хөлдсөн мөсийг ховхлох, цэвэрлэж тээвэрлэх, булгийн ус урсах нөхцөлийг бүрдүүлж шинээр суваг шуудуу татаж, айл өрх иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна” гэж танилцуулав.
“Манай газраас өнгөрсөн хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт ашиглагдаж буй барилга байгууламжийн тооллогыг хийлээ. Сургуулийн 231, цэцэрлэгийн 347, эмнэлгийн 138, орон сууцны 4177 зэрэг нийт 109123 барилга тоологдсон. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй, улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглахыг хориглосон нийтийн зориулалттай орон сууцны барилга 2014 онд 150 тоологдож байсан бол одоо 200 орчим болсон байна” хэмээн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн 2019 оны төсвийн төсөл, Өмч хувьчлалын жагсаалт, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл зэргийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсантай холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал, Дэд хороо, Намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх тул нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох, Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн жилд өр авлага үүсгэлгүй ажиллах, төсвийг зориулалтын зүйлд зарцуулах, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллах, Төсвийн жил дуусаж байгаатай холбогдуулан ногдол ашиг орлогыг дутуу төвлөрүүлээд байгаа байгууллагууд 12 дугаар сарын 5-ны дотор бүрэн барагдуулж ажиллах, Хүйтний улиралтай холбогдуулан нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүд, онцгой байдал болон зарим тусгай арга хэмжээний үеэр хот, нийтийн аж ахуй, инженерийн хангамжийн байгууллагуудын хэвийн, найдвартай үйл ажиллагаа, мэргэжлийн албадын ажлын уялдаа холбоог хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, дуудлага мэдээллийн мөрөөр шуурхай арга хэмжээ авч ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.