ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2018 оны 11 сарын 26

Arslan.mn

Нийслэл хотод 2018 оны 11 дүгээр сарын 19-өөс 11 дүгээр сарын 26-ыг хүртэл долоо хоногийн хугацаанд болсон ОНЦЛОХ үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.  

“Төрийн үйлчилгээний цахим шилжилт “ арга хэмжээ боллоо

Arslan.mnТөрийн үйлчилгээг цахим шилжилтэд үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага хооронд мэдээлэл дамжуулах шинэ технологи бүхий цогц системын ажлын хүрээнд хэрэгжүүлсэн системийг олон нийтэд таниулах, төрийн үйлчилгээний цахим шилжилт арга хэмжээ боллоо. Цэцэрлэгийн бүртгэл дараалал үүсгэдэг хэцүү ажил байлаа. Үүнийг цахимжуулсан. Мөн нийслэлд өдөрт дунджаар 350 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна. Түүний ард 500 мянга орчим жолооч байдаг. Жолоочид даатгал, хураамж зэргээс эхлээд долоо орчим хүндрэлтэй үйлчилгээнүүд байдаг. Зүгээр татвараа тушаахын төлөө Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд 200 мянган жолооч үйлчлүүлдэг байгаа юм. Үүнийг бид цахимжуулж шийдсэн. Өнөөдөр бид хоёр сэдвийн хүрээнл ярина. Нийслэлийн удирдлагын байгууллагуудын дотоод удирдлагын систем. Үүнийг нийслэлийн нэг мянган орчим байгууллагын 14 мянга орчим төрийн албан хаагч ашиглаж байгаа аж. 

Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх, хамгаалах нэгдсэн арга хэмжээ явагдаж байна

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Хараа хяналтгүй хүүхдийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1016 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа гэр орноосоо хөндийрч, урт хугацааны турш хараа хяналтгүй амьдарч байгаа хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, боломжгүй тохиолдолд улсын асрамж, халамжийн үйлчилгээнд хамруулах ажлыг нийслэл, дүүргийн хэмжээнд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн зохион байгууллаа. Хүйтний улиралд хүүхдийг эрсдэлд өртөхөөс сэргийлж  гудамжны нөхцөлд амьдарч байгаа болон эцэг эхийн хараа хяналт сул хүүхдийг илрүүлэх, илэрсэн хүүхдэд хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх, хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх, цаашид  хяналтанд авч ажиллах, хараа хяналтгүй хүүхдийг дүүргийн хэмжээнд тогтоон бүртгэлжүүлж, тогтмол харьяалалтай болгох ажлыг зохион байгуулж НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн 9 Дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Засаг даргын  дэргэдэх Хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор зэрэг Нийслэлийн төр захиргааны байгууллагууд ажиллалаа.

ХӨСҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд нийслэл дэх эмнэлгийн байгууллагуудын гадна зам талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оноос эхлэн Шастины нэрэмжит Улсын 3-р эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Хавдар судлалын үндэсний төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулан ашиглалтад хүлээлгэн өгсөн. Энэ онд нийслэлийн Өргөө амаржих газар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Амгалан амаржих газар, ХУД-ийн 1-р амбулаторийн гадна зам талбайн тохижилтын ажлыг иж бүрэн хийж ашиглалтад хүлээлгэн өгөөд байгаа. Тэгвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг хийж, дуусган ашиглалтад өглөө. Нээлтийн ёслолд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон ХӨСҮТ-ийн эмч ажилчид оролцов. ХӨСҮТ-ийн гадна талбайд 11728 м2 талбайг асфалтаар хучиж 194 авто машины зогсоол, 2580 м2 явган хүний зам, 125 ширхэг гадна гэрэлтүүлэг, 104 ширхэг сандал, 41 ширхэг хогийн сав, нисдэг тэрэг буух бетонон талбай, ногоон байгууламж зэрэг иж бүрэн тохижилтын ажил хийжээ.

Нийслэлийн хуульчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа

Arslan.mn

Нийслэлийн хуульчдын ээлжит зөвлөгөөнийг “Олон нийтийн сүлжээнд оролцогчдын эрх зүйн ухамсарт нөлөөлөх замаар хотын соёлыг төлөвшүүлэх нь” сэдвийн дор 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд нийслэлийн нутгийн захиргааны болон цагдаа, хуулийн байгууллагын удирдлага, хуульч, эрх зүйн ажилтныг төлөөлж 60 гаруй албан хаагчид  оролцлоо.  

Нийслэлийн Түгжрэлийн бууруулах ажлын хэсэг хуралдлаа 

Arslan.mn

Нийслэлийн Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.  Тээврийн цагдаагийн албанаас Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Олимпын гудамжийг Нарны замтай холбох түр зам ашиглалтад орсонтой холбоотой цаг үеийн мэдээллийг өглөө. Уг зам 2019 оны гуравдугаар сарыг хүртэл хугацаанд нээлттэй байх юм байна. Мөн ирэх пүрэв гарагт жолооч нарыг дүрмээ барих, зам тээврийн аваар, осолгүй байхыг уриалсан арга хэмжээг тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. 

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааны шилдгүүд тодорлоо

Arslan.mn

Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн чиг хандлага, алсын харааг мэргэжлийн хүмүүс, олон нийтийн оролцоонд тулгуурлан тодорхойлох зорилгоор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдааныг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл сар гаруй хугацаанд зарласан. Уралдаанд оролцож байгаа багуудын ирүүлсэн бүтээлүүдээр 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй үзэсгэлэн гаргаж иргэд, олон нийтийн санал, үнэлгээг авсан. Мөн https://www.facebook.com/UB2040/ page хуудсаар дамжуулан like, share-ээр иргэд, олон нийтийн үнэлгээг авсан. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан уралдааныг дүгнэх комиссын гишүүд иргэд, олон нийтийн үнэлгээ болон удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу уралдааны шалгаруулалтыг явуулж нэгдсэн үнэлгээг гаргасан байна. 

НИТХ-ын ээлжит бус хуралдаж энэ сарын 27-ны 14 цаг хүртэл түр завсарлалаа  

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Хотын дарга С.Батболдыг огцруулах хүсэлтийг намынхаа Удирдах зөвлөлд оруулсан. Удирдах зөвлөл хуралдаж, санал хурааснаар олонхын саналаар Хотын даргыг огцруулах шийдвэр гаргасан. Удирдах зөвлөлийн энэхүү шийдвэрийг НИТХ хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргах ёстой бөгөөд НИТХ энэ сарын 27-ны 14 цаг хүртэл түр завсарлага авлаа. 

Д.Отгонбаатар: Нийтийн тээврийн автобуснууд Даваа гарагт хэвийн явна

Arslan.mn

Шатахууны үнийн зөрүүнээс үүдэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй хувийн хэвшлийн 17 компани 5.1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээснээс болоод Даваа гарагаас явах боломжгүй болсноо мэдэгдээд байсан юм.  Тэгвэл нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар ирэх долоо хоногоос нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ хэмээн мэдэгдлээ. “Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхонтой өчигдөр уулзсан. Шатахууны үнийн зөрүүнээс үүдэж алдагдал учирсан нь үнэн. Яг хэдэн төгрөг гэдгийг хоёр талаас суугаад тооцоолж байна. Урьдчилсан байдлаар хувийн хэвшлийн 17 компанид 4.9, нийтийн тээврийн системийн хэмжээнд 7.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна. Тооцоо хийгдэж дуусахаар эцсийн байдлаар танилцуулна” гэлээ. 

Амгалан амаржих газрын амбулаторийн тасагт Уламжлалт болон Хавдрын кабинет шинээр нээгдлээ

Arslan.mn

Нийслэлийн Амгалан амаржих газрын амбулаторийн тасагт Уламжлалт болон Хавдрын кабинет шинээр байгуулагдсаны нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 20-нд боллоо. Эмэгтэйчүүдийн хавдрын кабинет нь 2018 оны долдугаар сарын 01-нээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд нийт 236 үйлчлүүлэгчийг үзлэг шинжилгээнд хамруулсан байна. Уламжлалтийн  кабинет нь 2018 оны есдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 232 үйлчлүүлэгчдэд эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг үзүүлжээ.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597566
1 эможи

keyboard_arrow_up