НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэгийн хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас 500 сая төгрөгийн зээл авчээ
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх ААН-ээр зээл авсан төрийн хариуцлагатай албан тушаалтнуудын нэр тодорсоор байна.
Энэ удаад НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэгийн хамаарал бүхий ААН ЖДҮХС-гаас зээл авсан тухай мэдээллийг хүргэж байна.
Баримт 1, ЖДҮХС-гаас 2017 оны наймдугаар сард Бат ган агро ХХК 500,000,000 төгрөгийн зээл авсан байна. Эх сурвалж: Шилэн данс
Баримт 2, Бат ган агро ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Батган транс ХХК бөгөөд Гүйцэтгэх захирал нь Шунхлай овогт Батхүүгийн Ганхөлөг гэж хүн байна.
Баримт 3, Батган транс ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Батхүүгийн Ганбат, Батхүүгийн Ганхөлөг гэж хүмүүс байна. Харин тус компаний Гүйцэтгэх захирал нь, НИТХ-ийн төлөөлөгч, Шунхлай овогт П.Батчимэг байгаа юм.
П.Батчимэг нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч бөгөөд АПУ Трейдинг ХХК-ийн захирлын албыг хашдаг байна. Өөрөөр хэлбэл НИТХ-ын одоогийн төлөөлөгч П.Батчимэг болон Монголын төрд хариуцлагатай алба хашиж байсан Г.Батхүү нартай холбоотой ААН ЖДҮХС-гаас зээл авсан байна.
П.Батчимэг нь Дорнод аймгийн АН-ын дарга, Нийслэлийн АН-ын дэд дарга зэрэг сонгуульт алба хашдаг.