НАЗХГ: Ил зогсоолын төлбөрийг нэмэх замаар хөдөлгөөний ачааллыг бууруулна
Авто тээврийн үндэсний төвийн мэдээлснээр автомашины тоо жилд 16 хувиар нэмэгдэж байна. Мөн Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо 540 мянга даваад байгаа юм. Үүнийг дагаад автомашины дулаан зогсоолын асуудал хөндөгдөж байна.
НЗДТГ-ын өгсөн мэдээллээр "Зогсоолын хүрэлцээг автомашины өсөлттэй уялдуулан нэмэх боломжгүй. Тиймээс үнийн зохицуулалт хийх шаардлагатай болсон"-ыг онцоллоо. Одоогоор Улаанбаатар хотод 43 төлбөртэй ил зогсоол үйл ажиллагаа явуулж байна. Мөн уулзвар бүрд болон албан байгууллага бүр ил зогсоолтой байх шаардлага тавьж байгаа ч эрэлтийг хангахуйц хэмжээнд хүрэхгүй байгаа аж. Тиймээс үнэ нэмэх зохицуулалт хийх шаардлагатай гэж мэдээллээ.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра
Харин дулаан зогсоолын хувьд нийслэл хотын тулгамдсан асуудлын нэг хэвээр байсаар байна. Одоогийн байдлаар барилгын компаниуд орон сууцны доод давхарт дулаан зогсоол байгуулах шийдлээр нэг орон сууцанд дунджаар 40-50 автомашины зогсоол төлөвлөгдөж байна. Мөн нийслэл хотод тоосгон гараж 13 мянга гаруй байгаа болохыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар мэдээллээ. Худалдан авах ханшийн хувьд шинэ орон сууцны дулаан зогсоол 15-40 сая төгрөгийн хооронд байгаа бол хуучин орон сууцны болон тоосгон гараж 15 сая төгрөг хүртэл үнэтэй байна.
Харин түрээсийн үнэ байрлалаас хамаараад өдрийн 8-20 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа юм. Энэ чиглэлд хэрэгжсэн томоохон төслүүдийн хувьд “Илсон Девелопмент” компани есөн давхар 450 автомашины дулаан зогсоолыг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан байна.
Мөн “Encanto Town” хотхонд олон улсын стандартад нийцсэн долоон давхар авто зогсоолыг ашиглалтад оруулсан юм. Нийт 350 автомашины багтаамжтай энэхүү зогсоолыг дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээсэн гэж төслийг хэрэгжүүлэгч “Камдер” компани мэдээллээ. Мөн өнгөрсөн оны есдүгээр сард нээлтээ хийсэн “Наадам центр” худалдааны төв 635 орчим автомашины дулаан зогсоолтой гэж мэдээлж байна.
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
|