ЭХЭМҮТ олон улсын жишигт нийцсэн нисдэг тэрэгний зогсоолтой боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтын ажлыг хийж байгаа нь иргэдийн талархлыг хүлээсэн ажил болоод байгаа юм. Өнгөрсөн хугацаанд ГССҮТ, Хавдар судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Шастины нэрэмжит Улсын III эмнэлэг, Амгалан амаржих газар, Хан-Уул дүүргийн 1 дүгээр амбулатори, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг зэрэг 12 эмнэлгийн гадна талбайн тохижилтыг хийж гүйцэтгэсэн билээ. Тэгвэл өнөөдөр Өргөө амаржих газар болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна талбайн тохижилтын ажлыг хүлээн авлаа.
Авто машины зогсоол хоёр дахин нэмэгджээ
Өргөө амаржих газрын тохижилтын ажлын хүрээнд 150 авто машины зогсоол, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, явган хүний зам хийсэн байна. Өмнө нь 80 орчим машины зогсоолтой байсныг 150 болгон нэмэгдүүлжээ. Тоосжилт ихтэй, зохион байгуулалтгүй, замбараагүй байсныг зураг төслийн хүрээнд шинэчлэн хийсэн болохоор зөв зохион байгуулалттай болсон гэдгийг тохижилтын ажлыг гүйцэтгэгч компанийн төлөөллүүд хэлж байв.
Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан “Манай эмнэлгийн гадна талбай замбараагүй, зохион байгуулалт маш муу байсан. Одоо бол үйлчлүүлэгчид амрах талбайтай, 150 машины зогсоолтой болсон. Ирж үйлчлүүлж буй иргэдийн сэтгэл ханамж маш өндөр байгаа. Бидний зүгээс нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхандаа талархаж байгаагаа илэрхийлье” хэмээж байлаа.
ЭХЭМҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлын хүрээнд 16000 ам метр талбайд асфалтан хучилт, нисдэг тэрэгний буух талбай, 150 гаруй авто машины зогсоол, явган хүний зам, 2500 ам метр талбайд ногоон байгууламж, 70 ширхэг гэрэлтүүлэг, хоёр байрлалд хүүхдийн тоглоомын талбай зэргийг цогцоор нь шийдэж өгсөн байна.