П.БАЯРХҮҮ: Нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлийг гаргахад иргэн бүрийн санал, оролцоо чухал
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандартыг сайжруулан, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор НИТХ-аас "Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд" зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн удирдлага, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, иргэд оролцож байна.
"Хотын нийтийн тээвэр, замын хөдөлгөөний оновчтой шийдлүүд" зөвлөгөөнд оролцож буй иргэд замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад авах арга хэмжээ, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, авто сургуулиудын үйл ажиллагааг хянах гэх мэт олон асуудал дээр саналаа хэлсэн юм.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү:
"Нийтийн тээврийн салбар бол үйлчилгээний байгууллага. Нийтийн тээврийн хамгийн том зорилго бол иргэдийг аюулгүй, эрүүл орчинд тээвэрлэх юм. Иймээс энэ салбарыг төр өөрийн мэдэлдээ байлгадаг. Нийслэлийн төр захиргаанд ажилладаг ажилчид долоо хоногтоо нэг удаа нийтийн тээврээр зорчиж байх уриалгыг гаргасан. Үүнийг хэрэгжүүлээд явж байна. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, чиглэл нэмэх тал дээр анхаарч, судалгааг байнга хийж чиглэл нэмэх шаардлагатай газруудад нэмээд явж байгаа. Монгол улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу цахилгаан автобус, нэн ялангуяа Монгол улсад үйлдвэрлэсэн цахилгаан автобусыг нийтийн тээврийн хөдөлгөөнд оролцуулах тал дээр бид анхаарч ажиллаж байна.
Үүнээс гадна нийслэлд хамгийн их тулгамдаж буй асуудал бол замын түгжрэл. Судалгаанаас харахад жолооч нар хууль дүрмээ мөрдөхгүй байгаа явдал нь түгжрэл үүсгэх хамгийн том шалтгаан болж байна. Энэ мэт олон асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэн бүхний санал, оролцоо хамгийн чухал." хэмээлээ.
Цаашид иргэдийн санал, санаачилгыг ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаа энэ үеэр зөвөлгөөнд оролцогч нар хэлж байлаа.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|