Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын явцтай танилцлаа
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НГХДБГ-ын дарга Ч.Батбилэг нар ажлын хэсгийн хамт гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын явцтай танилцаж, төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл болон тус ажлыг эрчимжүүлэхэд хяналт тавьж ажиллалаа.
Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд “Баганат өргөө” ХХК-ий барьж буй цогцолбор барилгын ажлын хувьд өнөөдрийн байдлаар 200 гаруй айл газраа чөлөөлж, байрандаа орсон бол энэ онд 170 айлын орон сууц, ирэх онд 300 айлын орон сууц ашиглалтад орох юм байна. Инженерийн шугам сүлжээний ажил хонгилын системээр бүрэн хийгдэж дуусчээ. Нийт 400 орчим өрх газар чөлөөлсөн бөгөөд одоогийн байдлаар 200 айл нь орон сууцандаа оржээ.
Энэ үеэр “Баганат өргөө” ХХК-ий захирал О.Батсайхан хорооллын дундуур тавих авто замын ажил дээр дэмжлэг хүссэн бөгөөд нийслэлийн зүгээс энэ тал дээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд “Цагаан хуаран консалтинг” ХХК-ий барьж буй “Цагаан хуаран” хотхоны барилгын ажлын хувьд газар чөлөөлөлт 85 хувьтай явагдаж байгаа бөгөөд энэ оны 9-10 дугаар сард багтаан 528 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Газар чөлөөлж өгсөн айлуудаа өмнөх ээлжийн барилгадаа оруулсан байна. Одоо баригдаж буй орон сууцанд дараагийн ээлжийн газраа чөлөөлсөн 14 айл орох юм байна. Харин “Цагаан хуаран консалтинг” ХХК-ий гүйцэтгэх захирал Д.Отгонтуяагийн зүгээс орон сууцны цахилгааны асуудлыг шийдэж өгөхийг хүссэн бөгөөд холбогдох албаныхан цахилгааныг ирэх сард бүрэн шийдвэрлэж өгөхөөр тус тус асуудал шийдэгдлээ.
Мөн тус дүүргийн 14 дүгээр хороонд баригдаж буй “Моннис Урбан девелопмент” ХХК-ий барилгын ажилтай танилцлаа. Тус компаний хувьд өнгөрсөн хоёрдугаар сард бүрэн ашиглалтад оруулах байсан байр одоог хүртэл ашиглалтад ороогүй байгааг тодруулахад компаний зүгээс 11 дүгээр сард бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэдгээ хэллээ. Харин НЗД-ын орлогч П.Баярхүү иргэдийг хохироож байгаа энэ асуудлыг шийдэхийн тулд захиргааны арга хэмжээ авч ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.