“Нийслэлийн нутгийн захиргааны төв” цогцолборын барилгын ажилтай танилцлаа
НЗДТГ, НИТХ-ын ажлын алба болон нийслэлийн харъяа байгууллагууд, хэрэгжүүлэгч 33 агентлагт нийт 3500 гаруй төрийн албан хаагчийг яармаг руу нүүлгэхээр болж, шинэ “Нийслэлийн нутгийн захиргааны төв” цогцолборын барилга угсралтын ажил эхлээд байна. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга С.Батболд, НИТХ-ын тэргүүлэгч С.Амарсайхан, НЗД-ын орлогч П.Баярхүү, НЗД-ын орлогч З.Энхтөр, НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр болон бусад албаныхан барилгын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.
“Нийслэлийн нутгийн захиргааны төв” цогцолбор барилгын ерөнхий гүйцэтгэгч Темпланд ХХК ажиллаж байгаа бөгөөд тус барилга нь А, В, С гэсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд нийт 350 гаруй ажилчид хоёр ээлжээр ажиллаж байна.
Эдгээр барилгад Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, НИТХ-ын байр, хурлын заал, үйлчилгээний нэгдсэн төв, спорт танхим, харъяа агентлагууд байрлах аж. Тус цогцолборыг ирэх оны 10 сард бүрэн ашиглалтад хүлээлгэн өгөх юм.
НЗДТГ, НИТХ-ын ажлын алба болон нийслэлийн харъяа байгууллагууд, хэрэгжүүлэгч 33 агентлаг, байгууллагуудаар өдөрт 30 мянга гаруй иргэн тогтмол үйлчлүүлдэг бөгөөд нүүлгэж шилжүүлснээр хотын төвийг зорих иргэдийн тоо, замын түгжрэл буурч, Яармаг орчмыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болно хэмээн албаныхан үзэж байна.









