ФОТО: Яармагийн шинэ гүүрийг нээлээ
Яармагийн шинэ гүүрний зорчих хэсгийг өнөөдөр нээлээ. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Нийслэлийн ХУД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн шинэ гүүрийн зорчих хэсгийг нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байна.
Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Уг төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийн сэргээн засварлах, налуу гүүрэн гарц барих, хойд хэсэгт жаазан гүүр, тулгуур хана барих зэрэг ажлууд хийгдэж байгаа юм.
Ингэснээр Яармагийн гүүрийн орчмын олон замын уулзварт, удахгүй ашиглалтад орох Хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, “Буянт-Ухаа-1 , 2 “ зэрэг тухайн бүсэд шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллуудын замыг олон түвшний огтлолцолоор холбож, авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой.
Төслийн хүрээнд барьж буй шинэ гүүр нь 250.2 у/м, 20.5м өргөн, 4 эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд 6 эгнээтэй байх юм.
Олон улсын стандартаар барьсан, 50-60 жилийн баталгаатай, түүнээс ч дээш жилийн насжилттай, өдөрт 35-45 мянган автомашин зорчиход хангалттай, одоогийн хөдөлгөөний ачааллыг 3 дахин их нэвтрүүлж, замын түгжрэлийг 50-60 хувь бууруулах юм.
Төслийн барилгын ажил энэ оны арваннэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|