Ц.ТҮВШИНЖАРГАЛ: Автобусны UMONEY картаа 24 цагийн турш цэнэглүүлэх боломжтой
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн тээврийн газраас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийтийн тээврийн бүх тээврийн хэрэгсэлд хоёр үе шаттайгаар шалгалт зохион байгуулж байна. Эхний ээлжинд цэвэрлэгээ үйлчилгээ болон техникийн бүрэн бүтэн байдлын шалгалтыг хийж байгаа бөгөөд ирэх долоо хоногт шалгалтын нэгдсэн дүн гарна. Зөрчил илэрсэн тохиолдолд хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ аваад явна. Иргэд Нийслэлийн тээврийн газрын тээвэр зохицуулагч болох 70044040 дугаарт хүссэн цагтаа тухайн автобусны зөрчил, санал хүсэлтийг мэдээллэх боломжтой. Бид тухайн санал хүсэлт дагуу автобусанд шалгалт хийх юм.
Үүнээс гадна хүүхдийн автобусны шалгалтыг зохион байгуулахад 124 автобус шалгалтанд хамрагдах байснаас 36 сургуулийн 46 автобус хамрагдсан байна. Эдгээр автобуснуудын хувьд 2012 оноос хойш үйлдвэрлэгдсэн гэдэг үзүүлэлтийг боловч бүх үзүүлэлтээрээ 13 автобус л тээврийн хэрэгслийн стандартыг хангаж холбогдох зөвшөөрлөө авсан. Тиймээс хугацаатай албан үүрэг өгч дахин шалгалтыг зохион байгуулахаар болсон.
Нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтөнд хяналт тавих тал дээр мөн шалгалт хийж байна. энэ хүрээнд иргэдэд хөлс төлөлттэй холбоотой хууль сурталчилах, зөвөлгөө өгөх, удаа дараа зөрчсөн тохиолдолд арга хэмжээ авах арга хэмжээг авч ажиллаж байна.
Улаанбаатар смарт карт ХХК хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал:
Улаанбаатар смарт карт ХХК-ий хувьд нийтийн тээврийн төлбөрийн систем, удирдлагын систем мөн карт цэнэглэх цэгүүдийг хариуцан ажиллуулж байна. Шалгалтын ажилтай холбоотой манай компаний зүгээс гэрээт цэгүүдийнхээ үйл ажиллагааг сайжруулах, тааруу ажиллуулж байгаа гэрээт цэгийг өөр цэгээр солих ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 538 карт цэнэглэх, борлуулах гэрээт цэг ажиллаж байна. Энэ үйлчилгээгээ илүү олонд хүртээлтэй болгохын тулд 24 цагаар үйл ажиллагаагаа явуулдаг Circle сүлжээ дэлгүүртэй гэрээ байгуулсан бөгөөд ингэснээр иргэд UMONEY картаа 24 цагийн турш цэнэглэх боломжтой болсон. Мөн банкны картаар, гар утасны сим карт, И март, Номин их дэлгүүрийн картуудыг ашиглан автобусаар зорчих боломжтой. Нийтийн тээврийн ачаалал нэмэгдэж байгаа учраас иргэд та бүхэн картаа урьдчилан цэнэглэхийг уриалж байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|