Даншиг наадам 122 мянган ам.долларын өртгөөр хийгдэнэ
"Даншиг наадам-Хүрээ цам" шашин соёлын наадам гуравхан хоногийн дараа болох гэж байна. Аялал жуулчлалын гол бүтээгдэхүүний нэг гэгддэг уг наадмыг зохион байгуулахад 122 мянга гаруй ам.долларын зардал гарч байгаа талаар Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдэгджээ.
Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн өсөлтөө дэмжих чиглэлээр аялал жуулчлалын салбарын хөгжилдөө онцгой анхаарал хандуулж, ойрын жилүүдэд ДНБ-ийхээ 10 хувийг энэ салбараас бүрдүүлэхийг зорьж байгаа тухай Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дэд дарга Ц.Энхтүвшинд "Синьхуа" агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Ингэхийн тулд Хятадын жуулчдыг татах нь чухал байгаа гэнэ. Хятад бол Монголын аялал жуулчлалын хөгжилд хамгийн тохиромжтой, илүү чухал чиглэл хэмээн тэрбээр хэлсэн байна.
Одоогийн байдлаар Монгол Улсын ДНБ-ий 5 хүрэхгүй хувийг аялал жуулчлалын салбарынхан бүрдүүлж байна. БОАЖЯ-ны албан ёсны мэдээллээр Монгол Улс 2017 онд 470 мянга гаруй жуулчин хүлээн авч, 400 гаруй сая ам.долларын орлого оруулсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 20%-иар өссөн үзүүлэлт юм. Үүнээс 144 мянга нь Хятадын жуулчид байжээ.
Харин 2020 онд нэг сая жуулчин хүлээн авч, нэг тэрбум ам.долларын орлого оруулахаар төлөвлөн ажиллаж байна.