“Эерэг-Эх орон” аяны хүрээнд Зэвсэгт хүчний ангиудад сургалт зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран хэрэгжүүлж буй “Эерэг–Эх орон” сэдэвт аяны хүрээнд өнөөдөр Зэвсэгт хүчний 119, 120, 326 дугаар ангийн 130 алба хаагчдад “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Залуучуудад гэр бүлийн тогтвортой харилцааг хэрхэн бий болгох, гэр бүлийн гишүүдийн хүлээх үүрэг, хариуцлага, хүүхдийн хөгжил, төлөвшилд гэр бүлийн харилцаа хэрхэн нөлөөлөх нь, бэрхшээлийг даван туулах чадвар, асуудлыг эерэгээр шийдэх гарцыг олох, эерэг хандлагыг төлөвшүүлэх сэдвээр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул мэдээлэл өгсөн юм.
“Эерэг–Эх орон” аяны хүрээнд Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, ёс суртахуун, хариуцлага, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсрол олгох зорилгоор Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран энэ оны 10 дугаар сар хүртэл нийт 21-н цэргийн ангид “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Эерэг сэтгэлгээг хөгжүүлцгээе” сэдэвт сургалт, нөлөөллийн сургалтыг орохоор төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Залуучууд хөгжлийн газраас мэдээллээ.