ӨНӨӨДӨР: ЦЕГ, ЗЦГ, ОБЕГ-аас хамтран хэвлэлийн бага хуралтай
Корпорэйт зочид буудлын хурлын танхимд
09:00 цагт Сонгинохайрхан дүүргийн үйлдвэрлэгчид БНХАУ-ын Хайлаар хотноо бүтээгдэхүүнээ борлуулах худалдааны төвтэй боллоо. Худалдааны төвийн танилцуулах уулзалт Корпорэйт зочид буудлын хурлын танхимд болно.
ШУА-ийн байранд
10:00 цагаас ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Тайванийн Үндэсний ордны музейн дарга Лэн Жөн Ий нар хамтран ажиллах санамж бичиг байгуулна. Тайванийн Үндэсний ордны музейд Монголын түүхтэй холбоотой олон үзмэр хадгалагдаж байдаг бөгөөд энэ талаар сонирхолтой мэдээлэл авах боломжтой.
Төрийн ордны А танхимд
11:00 цагаас УИХ дахь АН-ын бүлэг чуулганы хаалтын үр дүн болон бусад асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
MN-Мэдээллийн төвд
11.30 цагт Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбороос 20 жилийн дараа Монгол төрийн үндэсний их баяр наадам Хүүхдийн хүндэтгэлийн тоглолтоор эхлэх гэж байгаа талаар мэдээлэл хийнэ. “Монголын хүүхдүүд" төрийн хүндэтгэлийн тоглолт 2018 оны 7-р сарын 9-ний өдрийн 15:00 цагт МҮЭСТО-нд болно. Монгол орны өнцөг булан бүрээс шалгарсан 600 гаруй хүүхэд урлагийн тоглолтод орох юм байна.
Мөн энэ үеэр Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолборын 40 жилийн ойд зориулсан "Хүүхдийн гүрэнт улс- Найрамдал-40" арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
Онцгой байдлын ерөнхий газарт
12:00 цагт Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газраас хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Энэ сарын 3-6-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал болох гэж буйтай холбоотойгоор үүсэх замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн албанаас төв зам дагуу хэсэгчлэн замын хөдөлгөөнийг түр хязгаарлах юм байна. Тус хуралд Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй орны 3000 гаруй төлөөлөгч оролцох юм.
Мөн хурлын үеэр зохион байгуулагдах арга хэмжээний талаар болон үеэр гол, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, цаг үеийн нөхцөл байдлын талаар дэлэгрэнгүй мэдээлэл өгнө.
Бест Вестерн Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд
15:00 цагт Пипл ин Нийд (ПИН) ТББ Монгол Улсын өрхийн эдийн засгийн шинжилгээ (HEA) тайлангийн танилцуулга хийнэ.