Сайжруулсан шороон зам тавьж байж Налайхын замыг засна
НИТХ-ын дарга С.Амарсайхан Улиастайн гүүрээс Налайх- Чойрын уулзвар хүртэлх 25 км авто замын өөрчлөлтийн асуудлаар ерөнхий гүйцэтгэгч болох CRCC компанийн "кэмп"-д очиж бэлтгэл ажилтай нь танилцжээ. Хэдийгээр ажил гүйцэтгэх гэрээ нь хоёр жилийн өмнө байгуулагдсан боловч одоогоор зөвхөн бэлтгэл ажлаа хангаж техник, тоног төхөөрөмжөө Стандарт хэмжил зүйн газраар баталгаажуулан суурилуулсан байна. Мөн ажилчдын байрыг бэлэн болгосон бөгөөд нийт 300 гаруй хүний багтаамжтай ажээ. Эдгээр ажилчдын 120 орчим нь БНХАУ-аас ирэх нарийн мэргэжлийн инжинер, техникийн ажилчид байх бөгөөд үлдсэн нь Монгол ажилчид байх гэнэ. НИТХ-ын дарга С.Амарсайхан "Хэдийгээр бэлтгэл ажил хангагдсан гэх боловч хангалтгүй байна. Гэрээ байгуулаад хоёр жилийн нүүр үзэж байхад одоог хүртэл түр зам тавих уу, хуучин замаа ашиглах уу гэдэг шийдлээ ч гаргаагүй байна. Нийслэлийн зүгээс замын ажлыг эхлүүлж, эрчимжүүлэхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллана. Та нөхөд өөр өөрсдийн хариуцсан ажилдаа эзэн байж зам барилгын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй гээд Налайх дүүрэгт 40 мянган иргэн, 10 гаруй мянган айл өрх бий. Тэдний дунд ажил эрхлээгүй иргэд цөөнгүй байгаа. Эдгээр иргэдийн зарим нь замын бүтээн байгуулалтын ажилд оролцох хүсэлтээ ч илэрхийлж холбоо байгуулсан. Том оврийн ачааны машинтай иргэд нэгдээд замын ажилд оролцох хүсэл сонирхолтой байгаагаа ч илэрхийлсэн. Тиймээс аль болох орон нутгийн иргэдийг бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулж, тэднийг ажлын байраар хангах тал дээр анхаарч ажиллахыг тус замыг барьж байгаа компаний удирдлагуудад зөвлөлөө. Мөн өөрсдөөс шалтгаалах бэлтгэл ажлыг хангалттай хэмжээнд базааж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тоосжилтыг бага байлгах ажиллаж байгаа ажилчдын аюулгүй байдалд нөлөөлөхгүй байх хэмжээнд энэ ажлыг зохион байгуулах хэрэгтэй" гэсэн үүргийг нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон ерөнхий гүйцэтгэгч компанид өгчээ. Замын газар шорооны ажлыг энэ сард эхлүүлэх юм байна. Мөн одоо явж байгаа замыг ашиглах боломжгүй тул туслах, сайжруулсан шороон замыг ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.