ЯАРМАГИЙН ЗАМ 11 дүгээр сард ашиглалтад орно
Нийслэлд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга Б.Индра, Ус сувгийн удирдах газар (УСУГ)-ын ерөнхий инженер Ж.Дагвасүрэн, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар (НХТЕТГ)-ын орлогч дарга Ц.Тулга нар оролцов.
Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газрын дарга Ж.Тогтохбаяр "2018 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 24 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Мөн гадны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд дөрвөн гүүрийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ.
Эдгээр ажил нь дөрөвдүгээр сарын 5-наас 15-ны хооронд эхэлнэ. Орон сууцны хороолол дунд дөрвөн холбох замыг хийж зам барина. Харин гэр хорооллыг холбосон 11 зам барина. Яармагийн замын ажлыг энэ оны 11 дүгээр сарын 30-нд дуусгана. Сонсголон, Туулын гүүрийн ажил дөрөвдүгээр сарын 05-наас эхэлнэ.
Замын цагдаагийн гүүрэн гарцын ажлыг дөрөвдүгээр сарын 15-нд эхлүүлэхээр төлөвлөөд байна. Дулааны болон дэд бүтцийн 100 гаруй ажил нийслэлд хийгдэнэ. Замын цагдаагийн гүүрэн гарцтай холбоотойгоор найман байршилд түр зам гаргаж байгаа._
Нарны гүүрийг 2009-2012 онд Японы тусламжаар барьсан. Энэ үед ам.долларын ханш 1158 төгрөг байхад 35.6 сая ам.доллараар 262 метр урттай гүүрийг байрьсан байдаг. Харин 2018 он буюу ам.долларын ханш 2500 төгрөгтэй тэнцэж байгаа энэ үед 42 сая ам.долларын өртөгөөр 440 метрийн урттай, харьцангуй том гүүрийг барих гэж байна. Яармагийн гүүрийг 30 сая ам.долларын төсөвтэй 250 метрийн урттай. Төсөвт өртгийн хувьд өмнө нь хэрэглэж байсантай зөрүүтэй юм байхгүй." хэмээлээ.
Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл иргэдээс санал асуулга авч дууссаны дараа дугаар хязгаарлалт хийх, хийхгүйг харж байгаад ажлыг эхлүүлэх юм. Барилгын ажилтай холбоотойгоор найман байрлал шинэ замын чиглэл гаргасан. Хүүхдийн усан паркаар явах ажил эхэлсэн. Бусад холбоос замын хувьд байгууллагуудтайгаа зөвшилцсөн, барилгын ажилдаа орсон. Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох чиглэлд иргэд их төөрөлдөөд байх шиг байна. Үндсэндээ Махатма Гандигийн гудамжийн уулзвар дээр байгаа соёмботой хөшөөний уулзварыг Нарны замтай холбох ажил эхэлсэн. Дунд гол дээгүүрх түр гүүрний ажлаа эхлүүлсэн байгаа. Одоо хучилтын ажлаа хийхэд бэлэн болсон байна. Дараа нь Махатма Гандигийн уулзварыг Нийслэл хүрээ өргөн чөлөө буюу Хүннү хорооллын арын замтай холбох ажил хийгдэнэ. Саруул хотхоныг Соёолжтой холбосон зам дээр маргааш тэмдэг, тэмдэглэгээ хийх юм. Иргэдийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалъя. Дугаарын хязгаарлалт нь байнга хийгдэхгүй. Түр хугацаанд, долоо хоногт нэг өдөр машин унадаггүй байсныгаа хоёр өдөр л унахгүй байх санал асуулга явуулж байгаа юм. Нийслэлд бүтээн байгуулж буй ажил нь иргэдийн дэмжлэгээр явах тул хотод хийж буй ажлыг дэмжиж ажиллахыг хүсэж байна. Эдгээр ажил хийгдсэнээр бидэнд үр өгөөжөө маш сайн өгнө. Зүүн дөрвөн замын бүтээн байгуулалт, Замын цагдаагийн гүүрний ажил хийгдэхэд замын түгжрэл 20-30 хувь буурна. Нүхэн гарцын 42 сая ам.долларын ажлыг дөрвөн сая ам.доллароор хийх боломжтой байсан гэх худал мэдээлэл хэвлэлээр яваад байна. 4 сая ам.доллароор нүхэн гарц хийх ТЭЗҮ нийслэлийн Автозамын газар байхгүй, боломж байхгүй, тийм боломж ч байхгүй. Мөн Нарын замын гүүр огт хаагдахгүй, Энхтайваны гүүр, Нарантуул худалдааны төвийн уулзвар, Баянзүрх дүүргийн “Натур” худалдааны төвийн уулзвар нээлттэй байх юм. 2.5 жил хийх байсан ажлыг бид гүйцэтгэгч компанитай тохиролцон 1.6 жилд хийж дуусгахаар төлөвлөсөн. Тиймээс иргэдийг дэмжиж ажиллахыг хүсье ” гэв.
13 БАЙРШИЛД ГҮҮРЭН БОЛОН НҮХЭН ГАРЦЫГ ТӨЛӨВЛӨСӨН
Нийслэлийн Хот Төлөвлөлт Ерөнхий Төлөвлөгөөний Газрын орлогч дарга Ц.Тулга"Нийслэлийн хэмжээнд 2018 онд инженерийн дэд бүтцийн засвар шинэчлэлийн 118 ажил хийгдэнэ. Үүнээс дулааны шугамын 32 ажил, ус хангамжийн 15, ариутгах татварын 11, харилцаа холбооны 41, үерийн далан суваг ус зайлуулах системийн 19 ажил хийгдэх юм.
Эдгээр ажил хийгдэх үеэр автозамын зорчих хэсгүүд хэсэгчлэн түр хугацаагаар хаагдана.Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд төмөр зам дээгүүр 13 байршил дээр гүүрэн болон нүхэн гарцыг төлөвлөсөн байдаг.
Мөн олон давхар зам гүүрийн 17 ажил төлөвлөгөөнд тусгагдсан. Үүний эхний ажил нь Зүүн дөрвөн зам, болон Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил байгаа" гэлээ.
Гэрэл зургийг: MPA.mn