Ж.Тогтохбаяр: Иргэд бүтээн байгуулалтыг дэмжээсэй гэж хүсч байна
Нийслэл хотод энэ онд хийгдэх автозамын засвар шинэчлэлт, бүтээн байгуулалтын ажлын талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяртай ярилцлаа.
Зам засвар, шинэчлэлтийн ажилд 36.4 тэрбум төгрөг зарцуулна
-Бүтээн байгуулалтын улирал эхэлж байна. Эхлээд энэ онд нийслэлд хийгдэх зам засварын ажлыг танилцуулахгүй юу?
-Нийслэлийн авто замын хөгжлийн газраас энэ онд нийт 25 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Мөн гадны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд дөрвөн том төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. Нийтдээ замын сангийн 36.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Улаанбаатар хотод зам арчлалтын 16, орон сууц, барилга байгууламжын 24, тэмдэг тэмдэглэгээний 19, гэр хороолол дундах холбоос замын 11, орон сууцны хороолол дундах дөрвөн холбоос зам зэрэг бүтээн байгуулалт хийгдэнэ. Харин хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Яармагийн гүүрийн ажил явагдаж байна. Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын ажил одоо эхэлж байгаа. Мөн Сонсголон, Баянзүрхийн гүүрийн ажил эхлэхэд бэлэн санхүүжилтээ хүлээгээд байж байна. Компани нь шалгарчихсан, ажил эхлэхэд бэлэн хүлээгдэж байгаа.
-Гүйцэтгэгчийг хэзээ сонгон шалгаруулсан бэ?
-Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын ажил 2015 онд гэрээ нь байгуулагдаад компани нь шалгарчихсан. 2016 онд санхүүжилт нь хийгдээд ажил нь эхэлсэн. Газар чөлөөлөлт гэж явсаар 2017 онд бүтээн байгуулалтын ажил эхэлсэн юм.
-Замын цагдаагийн гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажил одоо ид яригдаж байна. Ямар төсвөөр, хэн, хэрхэн хийвэл хэмнэлт хийх тухай ч хэдэн хувилбар нийгмийн сүлжээнд харагдаж байсан. Гүйцэтгэгч нь Хятадын компани гэлүү?
-БНХАУ-ын "Төмөр замын хоёрдугаар групп товчоо" гэх төрийн өмчит компани хийж гүйцэтгэж байгаа.
-Манай улсын компаниуд ямар оролцоотой байх вэ?
-Манай улсаас нийтдээ туслангаар 16 компани ажиллана. Зөвхөн замын цагдаагийн гүүрэн гарцын ажилд 300 орчим Монгол ажилтан ажиллаж байгаа. Мөн Яармагийн гүүрэн дээр 21 туслах Монгол компани 300 гаруй монгол ажилтан ажиллана.
-Гүүрэн гарцыг нийслэлийн замын нэвтрэх чадварыг сайжруулах нэг боломж гэж харж байгаа. Энэ гарц түгжрэлийг хэдэн хувиар бууруулах вэ?
-Өнөөдрийн байдлаар Замын цагдаагийн уулзвараар өдөртөө 21 мянга орчим автомашин хоёр урсгалаар зорчдог. Мөн 40 удаагийн вагоны зөрлөг өнгөрдөг зэргээс хамааран гэрлэн дохионы асч унтрах хувиар зэрэгт нэлээдгүй цаг хугацаа ордог. Гүүрэн гарцтай болсноор гэрлэн дохио, төмөр замын олон зөрлөгийг хүлээхгүй шууд нэвтрэх боломж бүрдэнэ. Ингэснээр хөдөлгөөний эрч одоо байгаагаас 2-3 дахин нэмэгдэх юм.
-Энэ ажлыг хийж гүйцэтгэхийн тулд дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулж тэгш, сондгойгоор хувиарлах шаардлага бий болсон гэсэн. Үүнд иргэдээс санал авч эхэлсэн. Иргэд аль хувилбарыг илүүтэй дэмжиж байна вэ?
-Зөвхөн замын цагдаагийн гүүрэн гарцыг барьж байгуулахтай холбоотойгоор дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгой болгох гэсэн юм биш. Энэ жил нийтдээ Улаанбаатар хотын 40-60 жил болсон цэвэр, ус, бохир усны шугам, дулааны шугам зэрэг дэд бүтцийг шинэчлэх ажил хийнэ. Мөн 50-60 жил болсон 40 мянгатын бохирын шугамыг доторлох ажил явагдана. Тэгэхээр Хүүхдийн 100, 10 дугаар хороолол, Нэгдүгээр хороолол, 3,4 дугаар хороолол зэрэг Улаанбаатар хотын бүхий л газарт зам хааж, 100 гаруй дэд бүтцийн ажил хийгдэнэ. Графикын дагуу зуны гурван сард хийж, гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнтэй холбогдуулан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулбал ард, олон нийт дэмжих нь үү үгүй юу гэдэгт санал асуулга явуулж байна. Түүнээс Замын цагдаагийн гүүрэн гарцтай холбогдуулан дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах гэж байгаа юм биш шүү. Энэ нь ташаа ойлголт. Замын цагдаагийн гүүрэн гарцтай адил хоёр эгнээ түр гарцыг 200 метрийн цаана барихаар бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ гарц дөрөвдүгээр сарын 15 гэхэд хийгдэж дуусаад замын ачааллыг аваад эхэлнэ. Бусад холбоос хөндлөн замуудыг ч нээнэ.
-Иргэдийн олонх дэмжихгүй бол тэгш, сондгойгоор хязгаарлахгүй. Тэгвэл түгжрэл улам нэмэгдэх үү?
-Тэгш, сондгойгоор хязгаарласнаар удирдлагын төв программ дээр шалгахад өдөртөө 35 мянга орчим автомашин хөдөлгөөнд оролцохгүй байх боломжтой байгаа юм. Улмаар хөдөлгөөн хэвийн үргэлжлэх бололцоотой бөгөөд зам түр хугацаагаар хаасан тохиолдол тойроод яваад байх бололцоотой гэдэг тооцоо гаргасан. Энэ тооцооны дагуу ажлаа зохицуулж чадвал таван өдөр ажлаа амжуулаад хоёр өдөр нь нийтийн тээврээр юм уу унадаг дугуйгаар ажлаа зохицуулах бололцоотой гэж үзэж байгаа.
-Нийгмийн сүлжээнд гүүрэн гарцыг 45 сая доллараар барих тухай ярьж байна. Энэ ажлын эхлэл хэзээ тавигдсан болоод төсвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Сошиалаар нүхэн гарц дөрвөн сая доллараар хийх байсан. Гэтэл гүүрэн гарцыг 45 сая доллараар хийж байна гэх ташаа мэдээлэл цацагдаад байна. Ийм зүйл байхгүй. Энэ ажил 2012 оноос эхлээд 2013 онд цуцлагдсан. Буцаад үйл ажиллагаа нь Засгийн газрын тогтоолоор хотын дарга Э.Бат-Үүл байх үед 2015 онд гэрээ хийгээд санхүүжилт нь 2016 онд орж ирээд зургадугаар сард компани нь талбай дээрээ ажлаа эхлүүлчихсэн байсан. Тэгээд сонгуулийн үр дүнгээс хамаараад дараагийн Засаг дарга ажлаа аваад үргэлжлүүлж байгаа. Түүнээс биш нам засгаар талцсан зүйл огт байхгүй. Төрийн ажил аль ч шатандаа явж л байгаа. Үүнийг улстөржүүлж болохгүй. Замын цагдаагийн уулзвар орчимд Дундгол урсаж байна. Маш их намагтай, үерийн усны төв Дундгол руу нийлдэг. Нүхэн гарц хийгээд үер уснаас, Дундголын урсгалыг шийдэхэд үнэхээр хүндрэлтэй. Үүнийг шийдчихсэн баталчихсан зураг төсөл одоогоор байхгүй. Иргэд зөвөөр хүлээн авч бүтээн байгуулалтыг дэмжих ёстой. Та бүхнийг дэмжээсэй гэж хүсч байна. Сошиалаар гадны орнууд гүүрээ буулгаад ногоон байгууламж бариад эхэллээ гэх юм. Тухайн улс орон нь манай улсыг бодвол 100 жилийн өмнө хөгжчихсөн улс шүү дээ. Бидэнд өөрийнхөө мөнгөөр гүүр барих боломж ч байхгүй байна шүү дээ өнөөдөр.Тэгэхээр энэ бүхнийг иргэд маань зөвөөр ойлгоосой гэж хүсэх байна.
-Ирэх аравдугаар сарын нэгэнд ажил аль шатанд хүрэх вэ?
-Ажлын 50 хувийн гүйцэтгэл дуусна. Хоёр ээлжээр 450 гаруй ажилтан ажиллана. Дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1 гэхэд бид нийт гол гүүрийн 96 баганыг цутгаж суурилуулж, дамнуургаа бүрэн тавьж дууссан байх тооцоотой байгаа. 2019 онд ажлаа үргэлжлүүлээд тухайн оны арваннэгдүгээр сарын 30-нд ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй байна.
Ярилцсанд баярлалаа.
Г.Тэгшсүрэн
Эх сурвалж: Shuud.mn
|