60 сая төгрөгийн шагналын сантай “КАМЕРЖУУЛАЛТ-2” болзолт уралдаанд идэвхитэй оролцоорой
Өнөөдөр Камержуулалт-2 уралдааны зарлагдсантай холбоотойгоор Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Нямгэрэл, НИТХ-ийн Захиргаа бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил, НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ц.Цэрэнпунцаг нар мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулагдах Аюулгүй орчин- Иргэдийн оролцоо сэдэвт Камержуулалт-2 болзолт уралдаан дөрөв дүгээр сарын 1-ээс зургаадугаар сарын 1-н буюу хоёр сарын хугацаанд зохион байгуулагдах байна.
НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ц.Цэрэнпунцаг
Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн цагдаагийн газраас хамтран нийслэл хотод үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах ажлын хүрээнд орон сууцны орц, гадна орчин, гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн талбай зэрэг газруудыг камержуулж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор тус болзолт уралдааныг зохион байгуулж байна.
Өнгөрсөн онд зохион байгуулсан “Камержуулалт” болзолт уралдаанд нийслэлийн 152 хороо, 270 гаруй сууц өмчлөгчдийн холбоо, хөршийн хяналтын бүлэг, иргэд идэвхтэй оролцож гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдэд 534.0 сая төгрөгийн 2,211 камер шинээр суурилуулсан.
2017 онд хийгдсэн тус аяны хүрээнд ашиглалт, явцын байдал дээр хяналт шалгалтын ажил байнга хийгдэж байна. Шалгарсан хороод, иргэдийн дунд уулзалтыг зохион байгуулж, камерын ашиглалт, арчлалтын талаар мэргэжлийн зөвөлгөөг өгсөн. Уралдаанд оролцсон аж ахуй нэгжүүдээс одоогийн байдлаар камер эвдэрсэн, ашиглагдахгүй болсон тийм тохиолдол ирээгүй бөгөөд цаашид улам л сайжруулах тал дээр иргэдээс их санал, санаачилга ирж байгаа.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Нямгэрэл:
Хоёр дахь удаагаа энэ уралдааныг зохион байгуулахаар болж байна. Өнгөрсөн жилийн хувьд мөн л 2 сарын хугацаатай тус аяныг зохион байгуулсан.
Энэ аяны гол зорилго нь иргэд, СӨХ болон хороогоо өөрсдийнхөө хөрөнгөөр камержуулж, өөрсдийнхөө оршин суугаа газрын аюулгүй байдлыг хангах юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг идэвхижүүлэх, иргэд өөрсдөө гэмт хэрэггүй, амгалан тайван орчинд амьдрах нөхцлийг бүрүүлэхэд иргэд өөрсдөө их идэвхитэй оролцдог болсон байна. Өнгөрсөн жилийн хувьд 2300 гаруй 530 сая төгрөгийн үнэ бүхий камерууд тавигдсан байсан. Энэ жилийн хувьд аж ахуй нэгжүүд оролцож байгаагаараа онцлогтой."
Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МУГХУСАЗЗ, НИТХ, Нийслэлийн цагдаагийн газрын вэб сайт, фэйсбүүк хуудас болон 9910-9382 дугаараас тодруулах боломжтой.
ШУУД ҮЗЭХ: