“ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ” өдөрлөгөөр 863 нээлттэй ажлын байранд иргэдийг зуучиллаа
Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс өнөөдөр “ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ” хүнс тэжээлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх үйлчилгээнд хамрагддаг хөдөлмөрийн насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөгийг тус хэлтсийн гадна талбайд зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгт 300 ажил олгогч байгууллагын 863 нээлттэй ажлын байрнд иргэдийн зуучилж, зөвлөгөө өгч, мэргэжлийн болон давтан сургалт зэрэг үйлчилгээг үзүүллээ.
Хүнс тэжээлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх үйлчилгээнд өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаж, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур байгаа өрх, иргэн хамрагдах бөгөөд дүүргийн хэмжээнд 2018 оны 2 дугаар сарын байдлаар 839 өрхийн 4,804 иргэн хамрагдаж байна. Үүнээс 2,334 хүүхэд, 18 ба түүнээс дээш настай 2,470 иргэн байгаагаас хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай 1,720 иргэн бүртгэлтэй. Бүртгэлтэй иргэдийн 356 нь ажил, хөдөлмөр эрхэлж байгаа аж.
Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Мэндбаяр “Өнөөдөр манай хэлтсээс “ Халамжаас хөдөлмөрт” хөдөлмөрийн насны иргэдийг ажилд зуучлах өдөрлөгийг зохион байгуулж байна. Хүнс тэжээлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх үйлчилгээнд хамрагдах иргэдтэй биечлэн уулзаж, хөдөлмөр эрхлэх хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тодорхойлох ажлыг зохион байгуулсаны үндсэн дээр өнөөдрийн өдөрлөгийг зохион байгуулж байна. Дүүргийн хэмжээнд хүнсний талонд хамрагдаж байгаа 450-аад өрх байдгаас хөдөлмөрийн насны 1700 иргэн байна. Энэ өдөрлөг маань иргэдийг оролцуулж, ажил олгогч, ажил идэвхтэй хайгч иргэдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, ажилд зуучилж, сургалтанд хамруулж байгаагаараа онцлогтой.
Өдөрлөгт 300 гаруй ажил олгогчийн 1000 гаруй нээлттэй ажлын байр зарлагдсан байгаа. Үүнд инженэр, эмч, бариа засалч, цахилгаанчин, зөөгч, угаагч, харуул зэрэг цагийн ажлаас авахуулаад бүх л ажлын байруудад бүртгэл явагдаж байна. Хамгийн гол нь тухайн ажлын байрны шаардлагыг хангах нь иргэдээс шалтгаална. Зарим мэргэжилгүй иргэдийг мэргэжил сургалтанд хамруулж, цааш нь ажилд зуучлах боломж бүрдэж байна” хэмээлээ.
Өдөрлөгөөр иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн дараах үйлчилгээ, арга хэмжээг үзүүллээ: Үүнд
- Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ
- Ажилд зуучлах үйлчилгээ
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 4 хөтөлбөр
Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр
Ажлын байрыг дэмжих хөтөлбөр
Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр
- Мэргэжлийн болон давтан сургалт зэрэг үйлчилгээ санал болгохоос гадна ажлын байранд зуучлах үйлчилгээг үзүүлэх юм.